Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон шинжээчдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад прокурорын хяналтад шилжүүлжээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 841 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас есөд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын байгууллагад хүргүүлсний дотор шинжээч гэх албан тушаалтай хоёр ч хүний үйлдэл багтсан байв. Тухайлбал, Гаалийн төв лабораторийн шинжээч-гаалийн улсын байцаагч Ж.Соёлмаа нүүрсэнд шинжилгээ хийж дүгнэлт гаргаад хахууль авсан хэрэгт буруутгагдаж буй аж. Нүүрс тээвэрлэж хилээр гаргадаг “Дорнын интернэшнл трейд” компани экспортолж буй нүүрсэндээ Гаалийн төв лабораторийнхноор шинжилгээ хийлгэсэн юм байна. Ингэхдээ тус компанийн менежер Б.Болормаагаас дээрх шинжээч дүүгийнхээ дансаар дамжуулан хоёр ч удаа мөнгө авсан хэрэгт холбогджээ.
Түүнээс гадна Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Ж.Ганцэнгэлд холбогдох үйлдлийг шалгаж дууссан байна. Тэрбээр найзынхаа гуйснаар шинжээчийн дүгнэлтийг өөрчлөн бичиж, бусдын биед халдсан хэмээн яллагдагчаар татагдсан Л.Алтанхуягийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийн тулд давуу байдал бий болгосон гэж буруутгагдсан гэнэ.