Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны уржигдар, өчигдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Эл шийдвэр нь инфляцыг зорилтот түвшинд хүртэл бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа гэв.
Улсын хэмжээнд инфляц өнгөрсөн сард 8.6, Улаанбаатарт 9.4 хувьд хүрсэн. Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардал багассан нь инфляц буурахад нөлөөлжээ. Гэвч төсвийн зардал, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт ирэх онд үргэлжлэхээр буй нь эрэлтийн талын нөлөөг нэмэгдүүлж байгаа аж. Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүссэн нь дэлхийн эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдал ихсэхэд нөлөөлж буй. Мөн дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа урд хөршийн үл хөдлөх хөрөнгийн салбарт үүссэн хүндрэл үргэлжлэн түүхий эдийн үнэ цаашид хямдрах, гадаад эрэлт энэ оныхоос саарах эрсдэл нэмэгдэж болзошгүй гэнэ. Цаашид дотоод, гадаад эдийн засгийн орчин, инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалж бодлогын дараагийн алхмыг авч хэрэгжүүлэх юм байна.