Аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллагсдын цалингийн статистикийг энэ оны гуравдугаар улирлын байдлаар гаргаснаа ҮСХ-ноос мэдээллээ. НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд дээрх улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 768 мянган ажиллагч хамрагджээ. Ийм шимтгэл төлж буй байгууллагын тоо 2022 оны мөн үеийнхээс 1.8 мянга, өмнөх улирлынхаасаа 373, ажиллагчдын тоо 12.6, хоёрдугаар улирлынхаас 10.9 мянгаар өссөн аж. Эл хугацаанд нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин хоёр сая болсон нь 2022 оны мөн үеийнхээс 436.1, өмнөх улирлынхаасаа 119.3 мянгаар илүү гэнэ. Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 2.3, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байжээ. Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн өндөр буюу 5.1 сая байсан аж.
Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагсдынх хамгийн бага буюу 1.3 сая төгрөг байсныг дурдлаа. Нийт даатгуулагчийн дотор 2-3 сая төгрөгийн цалинтай иргэдийн эзлэх хувь хамгийн их буюу 19.3 байсан гэнэ. Ажиллагсдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл Улаанбаатарт 2.1 сая байсан нь улсын дунджаас 120 мянгаар илүү гэсэн үг. Харин бусад бүсэд улсын дунджаас 106.8-541.4 мянгаар доогуур байжээ. Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл хоршоо болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагсдын сарын дундаж цалин 2.1, хувьцаат компанийнх 2.3, төрийн өмчит үйлдвэрийн газрынх 2.4 сая төгрөг байсан гэнэ. Харин бусад байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин улсын дунджаас 217.8-592.8 мянгаар бага байжээ. Тэгвэл төсөвт байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин 1.75 сая болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 500.4 мянгаар нэмэгдсэн дүн гарав.
Бэлтгэсэн: Б.Сонор