Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны арванхоёрдугаар сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангана.
Жилийн инфляц 2023 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай байна. “Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарч байгаагаас гадна сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгснөөр инфляц ийнхүү буурсан гэж Төв банкнаас үзлээ. Гэвч төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт ирэх онд үргэлжлэхээр байгаа нь эрэлтийн талын нөлөөг нэмэгдүүлнэ.
Нүүрсний экспорт 64.6 сая тоннд хүрч, эдийн засгийн өсөлт энэ оны эхний 3 улиралд хүлээлтээс өндөр гарсан. Уул уурхайн салбарын сэргэлтийг дагаад тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл идэвхжсэнээс гадна бодит орлогын өсөлтийг даган өрхийн хэрэглээ үргэлжлэн сэргэж байна. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл сайжирч, төсвийн зардал тэлэхээр байгаа нь эдийн засгийн өсөлтийн төлөвт эерэгээр нөлөөлнө.
Мөн Ойрхи-Дорнодод үүссэн хурцадмал байдал нь глобал эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдлыг нэмэгдүүлсэн ч Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа БНХАУын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй хүндрэл үргэлжлэн, эрдэс түүхий эдийн үнэ цаашид буурах, гадаад эрэлт энэ оноос саарах эрсдэлийг өсгөж байна. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин болон инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг Монголбанкнаас авч хэрэгжүүлэх юм.