ОХУ эсрэг авсан Европын Холбооны/ЕХ/ хориг арга хэмжээг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг Европын парламент авч хэлэлцжээ. Энэ тухай ЕХ-ны зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлэв.
Мэдээнд дурдсанаар, энэхүү хууль нь ЕХ-ны хориг арга хэмжээг зөрчсөн эсвэл тойрч гарсан хүмүүст хариуцлага хүлээлгэх бөгөөд тус холбооны гишүүн орнууд тодорхой үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж ангилах үүрэгтэйг баримт бичигт тусгажээ.
Эрүүгийн гэмт хэрэгт ЕХ-ны хязгаарлах арга хэмжээнд орсон хүмүүст холбооны гишүүн орнуудад зорчиход туслах, хоригонд орсон бараа бүтээгдэхүүний худалдаа хийх, байгууллагатай гэрээ хэлэлцээ хийх зэрэг тооцогдох юм.
Мөн ЕХ-ны хориг арга хэмжээнд хамрагдсан хүмүүст банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, мөн тэдгээр хүмүүсийн эдийн засгийн нөөц болон өмчлөлийг нь нуун дарагдуулсан тохиолдолд эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх юм байна.
Түүнээс гадна цэргийн материалын худалдааг санаатай хийсэн төдийгүй хайхрамжгүй үүднээс хандсан тохиолдолд ч эрүүгийн гэмт хэрэгт тооцно гэж уг баримт бичигт тусгайлан тэмдэглэжээ.
Хориг арга хэмжээг санаатайгаар зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулахаас гадна гэмт хэргийн шинж чанараас хамааран нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
Уг хуулийн төслийг гишүүн орнууд Байнгын төлөөлөгчдийн хорооны түвшинд авч хэлэлцэх бөгөөд дэмжсэн тохиолдолд Европын холбооны зөвлөл болон Европын парламент албан ёсоор батлах юм.