Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсын хөдөө аж ахуйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдаа, ложистикийг сайжруулах зорилгоор 157.1 сая ам.долларын хоёр төслийг баталсан талаараа мэдээллээ. Тодруулбал, 57.1 сая “ногоон”-ы өртөгтэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил-II шат” төсөл нь Монголын хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулах зорилготой аж. Энэхүү төслийн хүрээнд хөдөө аж ахуй эрхэлдэг компаниудад боловсруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх технологи нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн экспортын хэмжээг өсгөх зорилгоор хөдөө аж ахуй эрхлэгчдэд бизнесийн үйл ажиллагаа, чанарын стандартаа сайжруулахад нь тусламж үзүүлэх нь. Дээрх төсөл нь малын болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй үйлдвэрлэл, нэн шаардлагатай тоног төхөөрөмж ашиглах сургалт явуулах замаар малчид, тариаланчдад үйлдвэрлэлээ оновчтой болгоход нь туслах гэнэ. Иргэдийн орлого олох чадавхыг нэмэгдүүлэхийн тулд малчид, тариаланчдыг нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх аж.
Түүнчлэн 100 сая ам.долларын өртөгтэй “Тогтвортой худалдаа-хилийн үр ашгийг сайжруулах” төслийг худалдааны салбарыг бэхжүүлэх, экспортын төрөлжилтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх нь. Үүний хүрээнд уур амьсгалд дасан зохицох байгууламжууд барих, хилийн боомтыг шинэчлэх, хяналт шалгалтын ухаалаг тоног төхөөрөмжүүд суурилуулах, худалдааг хөнгөвчлөх системийг сайжруулах зэрэг ажил хийхээр төлөвлөжээ. Бас хүн, мал, амьтны халдварт өвчин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй холбоотой биологийн халдварын тандалт, эрт илрүүлэг, хариу арга хэмжээг бэхжүүлэх замаар бүс нутгийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарах гэнэ. Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин “Дээрх төслүүд нь эдгээр салбарын бодлого, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, худалдааны үр ашгийг дээшлүүлэх, гадаад зах зээлд нэвтрэхэд ач холбогдолтой” хэмээв.