Сэлэнгийн Алтанбулаг сум дахь Чөлөөт бүсээс их хэмжээний архи, согтууруулах ундаа нэвтрүүлсэн хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхдээ шилжүүлжээ. Тус аймаг дахь Гаалийн газрын Чөлөөт бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч О.Отгонбаяр, байцаагч Ш.Гантөмөр, байцаагч П.Мөнхсайхан, хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах шалгагч Т.Эрдэнэбилэг нарыг албан тушаалаа урвуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн аж. Тэднийг Улаанбаатар хотод оршин суудаг иргэн С.Үүртуяа болон өөр нэгэн иргэнд тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон 264 шил архи, согтууруулах ундааг хилээр нэвтрүүлэхэд нь давуу байдал олгосон гэж буруутгаж буй юм.
Дээрх хүмүүсээс гадна Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Г.Номинтуяа, байцаагч Г.Батболд, И.Пүрэвдорж нар 2022 оны долоодугаар сард “Их мэргэд оч” ХХК-ийн эзэмшлийн 12 000 ширхэг нано бальзам гэдэг бүтээгдэхүүнийг тээвэрлэж явсан О.Батхуяг жолоочтой “Мицүбиши кантер” загварын тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, 8.9 сая төгрөгийн татварыг нь төлүүлэлгүйгээр нэр дурдсан аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан аж. Тэдэнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн гэнэ. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын эдгээр албан тушаалтны гэм буруутай, эсэхийг шүүх удахгүй шийдвэрлэх бололтой.