Японы Ерөнхий сайд Фумио Кишида эрх баригч Либерал ардчилсан намын депутатууд улс төрийн хандивыг завшсан гэх дуулианы хариуд шийдвэртэй арга хэмжээ авч, тус улсын Засгийн газрын 15 сайд болон бусад албан тушаалтнуудыг огцруулахаа мэдэгдлээ.
Kyоdo агентлагийн мэдээлснээр, эл шийдвэр Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн тэргүүлж байсан Либерал Ардчилсан Намын /ЛАН/ хамгийн том фракцийн гишүүдийг л хамрах бололтой. Тус фракц нь Японы улс төрд удаан хугацаанд ноёрхож байсан бөгөөд 2000 оноос хойш тус улсын долоон Ерөнхий сайдын дөрөв нь энэ фракцын гишүүд ажээ.
"Nikkei" хэвлэлд бичиж буйгаар, Абэгийн фракц улс төрийн тавцангаас бүр мөсөн арчигдах дээрээ тулгараад байгаа тул тэдний зүгээс ширүүн эсэргүүцэл үзүүлж байна.
Эл фракцын удирдагчдын нэг нь Кишидагийн засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх асуудлыг сөрөг хүчнийхэн парламентад тавьбал дэмжинэ хэмээн сүрдүүлсэн тухай хэвлэлд бичжээ.
Токиогийн прокурорын газар тус нам нь бизнес эрхлэгчдээс хүлээн авсан улс төрийн хандивыг төлбөртэй хүлээн авалт, үдэшлэгийн тасалбар зарах замаар завшдаг тогтолцоотой байсан гэсэн мэдээллийг шалгаж байгаа аж.
Улстөрчидөд болон фракцуудад ийм хөрөнгийг цуглуулах стандартыг тогтоож өгсөн бөгөөд түүний хэмжээг тайланд тусгах ёстой байдаг. Гэсэн хэдий ч энэ хэмжээ нь ихэвчлэн тогтоосон хэмжээнээс давж, дараа нь намын нөлөө бүхий депутатуудад хувьд нь "авилга" хэлбэрээр шилжүүлдэг байжээ.