Олон Улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2023”-ыг танилцууллаа. Тус тайлан нь Засгийн газар, бизнес, нийгмийн орчинд дэлхийн улсууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж технологид дасан зохицож байгааг харуулдаг.
Дижитал өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр АНУ 100 оноотойгоор эргэн 1-рт эрэмбэлэгдлээ. Нидерланд 4 эрэмбэ урагшлан 2-рт, Сингапур нэг эрэмбэ өсөн 3-рт, өнгөрсөн оны тэргүүлэгч Дани 4-рт, Швейцар 5-рт, Өмнөд Солонгос 6-рт, Швед 7-рт, Финланд 8-рт, Тайвань 9-рт, Хонгконг 10-рт эрэмбэлэгдсэнээр дижитал өрсөлдөх чадвараараа дэлхийг тэргүүлж буй 10 улсыг бүрдүүлж байна. Харин Венесуэл, Монгол, Колумб, Аргентин, Ботсвана улсууд дижитал өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр сүүл мушгижээ. Дижитал технологи, тэр дундаа хиймэл оюун ухааныг Засгийн газар, компани, хувь хүмүүст бүрэн нэвтрүүлэхэд тусалдаг улс орнууд энэ жилийн тайлангийн үнэлгээгээр тэргүүлснийг Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс онцоллоо.
Тус тайланг “Мэдлэг”, “Технологи”, “Ирээдүйн бэлэн байдал” гэх гурван үндсэн бүлэг, 9 дэд бүлэгт хамаарах 54 шалгуур үзүүлэлтээр тооцоолон гаргажээ. Шалгуур үзүүлэлтүүд нь статистик мэдээлэл болон санал асуулга гэх хоёр эх үүсвэрээс бүрдсэн. Энэ жилийн тайланд нийт 64 улс багтаж, Кувейт улс анх удаа хамрагдсан юм.