Залилагч, луйварчдын үйлдлийн арга улам бүр нарийсаж, зохион байгуулалттайгаар бүлэглэн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд маш их хэмжээгээр хохирол учруулсаар байна. Монголчууд ч амар хялбар аргаар мөнгө олохын тулд залилагч, хууран мэхлэгчдийн өгөөшинд амархан орж, хамаг хөрөнгөө алдчихаад эцэстээ амиа хорлосон тохиолдол ч гарлаа. Мөнгө их хэмжээгээр “эргэлдүүлдэг” банк, банк бус санхүүгийн байгууллага, элдэв сангийн хөрөнгийг эрх бүхий албан тушаалтнууд нь луйвардаж, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэдийн“хуруу хумсаа хуйхлан” байж олсон хэдэн төгрөгийг нь ч луйвардах явдал гарсаар. Хувьцаа гарган иргэдээс их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буй “Голомт” банктай холбоотой, тус банкны албан тушаалтнуудын харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгийг луйвардсан хэргийн талаар дор өгүүлье.
Өнгөрсөн нэгдүгээр сард “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн хүрээнд тус банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан аж ахуйн нэгжийн тоонд “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн зээлийг ч хэлэлцэж байсан билээ. Тодруулбал, “Д.Баясгалангийн 100 хувийн эзэмшлийн “Цэцэнс майнинг энд энержи” ХХК Хөгжлийн банкнаас авсан нийт зээлийн 135.1 тэрбум төгрөгөөр“Голомт” банк дахь авлага болон зээлээ хаасан байна. Иймд шинжээчийн зүгээс зээлийг зориулалт бусаар ашигласан гэж үзсэн” хэмээн танилцуулж байсан билээ. Гэвч эл зээлээ “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн дуулиан дэгдсэний дараахан хаасан байдаг.
“СОЛОНГО” САЛБАРЫГ ЛУЙВАРДСАН ХҮМҮҮСИЙН ХЭРГИЙГ ШҮҮХ ЯАГААД ХЭЛЭЛЦЭХЭЭС ЦААРГАЛАВ
Сүхбаатар дүүргийн нутаг дахь, олны нэрлэж заншсанаар “Хүүхдийн-100”-гийн “Голомт” банкны “Солонго” салбараас 14 жилийн өмнө буюу 2009 оны тавдугаар сарын 23-нд 608 сая төгрөг луйвардсан хэрэг гарч байсан юм. Тухайн үеийн 608 сая төгрөг гэдэг өнөөгийнхтэй харьцуулшгүй их мөнгө байж таарна. ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны данснаас дээрх хэмжээний мөнгийг хуурамч бичиг баримтаар залилан авсан хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийнхан шинээр бий болгосон хэрэг илрүүлэх арга тактик ашиглан холбогдогчдыг нь олж тогтоосноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Мөрдөгчид хэргээ шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн юм. Уг хэрэгт хяналтын прокурор М.Сүхчулуун яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн зун шилжүүлсэн аж. Гэвч тус шүүхийн шүүгч Д.Ренченхорол 2023 оны долоодугаар сарын 18-нд хэлэлцээд, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаахаар шийдвэрлэжээ. Үүнийг нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сүхчулуун эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, хохирлыг нарийвчлан тооцох, хэргийн оролцогчдод шинжээчийн дүгнэлт танилцуулалгүй эрхийг нь зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх үзжээ.
Уг нь эл хэрэгт Б.Ариунаа, Д.Ариунчимэг, М.Орхонбаяр, М.Мөнхжавхлан, Ө.Хонгорзул, Б.Уранбаатар, Г.Энхмаа нарыг яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан”, 17.3-3.3 дахь хэсгийн “энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг байгуулж үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм.
“Голомт” банкны “Солонго” салбарын удирдах албан тушаалтан Б.Ариунаа, түүний хамаарал бүхий этгээд болох М.Орхонбаяр, тус банкны “Баянзүрх” тооцооны төвийн эрх бүхий ажилтан Д.Ариунчимэг, Б.Уранбаатар, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газарт ажиллаж байгаад сүүлд “Сүү” ХК-д менежер болсон М.Мөнхжавхлан нарыг анх холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Тэд Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны нягтлан бодогчийн бичиг баримтыг ашиглан гарын үсгийг нь дуурайлган зурж, уг албаны тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэн төлбөрийн даалгавар бичиж, 608 сая төгрөг залилан авсан хэмээн буруутгагдаж буй. Улмаар М.Мөнхжавхлангийн бусдын хаясан бичиг баримтаар үүсгэн байгуулсан ТАЭӨС компанийн данс руу уг мөнгийг шилжүүлсэн аж. Мөн Б.Ариунаагийн найз, нотариатч Г.Энхмаа хуурамч бичиг баримтыг баталсан байж болзошгүй хэмээн буруутгагдаж байгаа юм билээ. Уг хэрэгт ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны ажилтан Ө.Хонгорзул бас яллагдагчаар татагдсан юм.
2011-2012 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч асан, АН-д эрх бүхий албан тушаал хашиж байсан М.Орхонбаяр, М.Мөнхжавхлан нар төрсөн ах дүүс гэнэ. М.Орхонбаяр “Голомт” банкнаас 608 сая төгрөг луйвардсан үйлдэлд холбогдохдоо БНХАУ-ын иргэн М.Хасдалай гэгчийн хуурамч бичиг баримтыг ашигланчек гаргуулан авч, уг мөнгийг дүүгийнхээ байгуулсан компанийн данс руу бэлэн бус гүйлгээгээр шилжүүлсэн хэрэгт сэрдэгдсэн.
Харин “Голомт” банкны “Баянзүрх” тооцооны төвийн эрх бүхий ажилтан Д.Ариунчимэг нь ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны данснаас 608 сая төгрөг хуурамч компани руу шилжүүлэх ажлыг гардан гүйцэтгэчихээд төд удалгүй өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан гэдэг. Түүнээс хойш гэр бүлээрээ шинэ орон сууц авч, банканд хадгаламжийн данс нээлгэн, өөрсдийнх нь компанийн үйл ажиллагаанаас олсон орлого гэнэт өссөн зэрэг сэжигтэй үйлдлүүд тогтоогдсон аж. Тиймээс ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны “Голомт” банкан дахь данснаас 608 сая төгрөг луйвардсан гэж буруутгагдаж, тэдний холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мэдээж аль хэдийн дууссан. Гэхдээ шүүхээр гэм буруутай, эсэхийг нь тогтоолгож, учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх нь шударга ёсонд нийцэх болохоор прокурорууд ийнхүү шүүхэд шилжүүлээд, хариуцлага тооцуулах гээд байгаа юм билээ. Угтаа бол “Голомт” банк ч, ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах алба ч хохиролгүй болчихсон учраас аль нь ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа гэсэн. Гэхдээ тэднийг хохиролгүй болгох мөнгийг Монголбанкны Эрсдэлийн сангийн хөрөнгөөс гарган Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах алба руу 608 сая төгрөг шилжүүлсэн аж. 2009 онд энэ хэрэг гарч, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байх үед “Голомт”-ынхон хэргийг илрүүлсэн цагдаагийнхныг алдагдсан мөнгөн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр шагнахаа амласан байдаг. Харин тус банкныхан уг мөнгөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрынханд өгсөн, эсэх нь тодорхойгүй өнөөг хүрчээ.
БАНКНЫ АЖИЛТАН МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ДОНТСОНЫ ХОХИРОГЧ НЬ ХАРИЛЦАГЧИД БОЛОВ
“Голомт” банкны “Ард” салбарын харилцааны менежерээр ажиллаж байсан Э.Өлзийтогтох хэмээх залуу хуурамч баримт бичиг болон цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний мөнгө залилан авчээ. Тэрбээрсадангийнхүмүүсболоннайзнөхдийнхөөнэр дээр 2019 оны хоёрдугаар сараас эхлэн “Алтан амекс”, “Ган” хэмээх багагүй хэмжээний зээл олгодог карт гарган өөрөө ашиглаж, улмаар тэдгээр картынхаа зээлийн эрхийг 75-90 хүртэл сая төгрөгөөр нэмэгдүүлэн авч байжээ. Ингэснээр Э.Өлзийтогтох “Голомт” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 266.4 сая орчим төгрөгийг луйвардчихсан гэнэ. 2015 оны гуравдугаар сард анх ажилд орсон тэрбээр 2-3 жилийн дотор албан тушаал дэвшиж, зээл хариуцсан харилцааны менежер болсон аж. Анх төрсөн эгчийнхээ хүүхдийн нэр дээр таван сая төгрөг, 50 ам.долларын зээлийн эрхтэй “Алтан амекс” карт нээж, түүнийхээ эрхийг удирдлагадаа мэдэгдэлгүй 88 хүртэл сая төгрөгөөр нэмэгдүүлсэн гэнэ. Дараа нь ангийн найзынхаа нэр дээр өөрт нь мэдэгдэлгүй 1500 ам.доллар, 25 сая төгрөгийн зээлийн эрхтэй карт гаргаж90 хүртэл сая төгрөг авах гэх мэтээр дээрх хэмжээний мөнгө завшсан юм байна. Энэ талаараа Э.Өлзийтогтох “Би хүмүүсийн нэрийн өмнөөс материалыг нь хуурамчаар бүрдүүлж карт захиалсан. Зээлийн эрхтэй карт захиалаад, байгаа мөнгөөр юм хийгээд, эргүүлээд төлчихөж болох юм байна гэж ойлгон дээрх картуудыг нээсэн. Тэгсэн миний бодол, төлөвлөгөөгөөр болоогүй” хэмээжээ.
Э.Өлзийтогтох уг картуудыг нээхдээ тухайн хүмүүстэй ямар нэг холбоо хамааралгүй хадгаламжийн дансыг карт нээлгэгчдийнх мэтээр баримт бүрдүүлж захиалсан гэнэ. Үүнийг нь хадгаламжийн жинхэнэ эзэд мэдээд “Голомт” банкнаас мөнгөө авч, хадгаламжийн гэрээгээ цуцалжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Э.Өлзийтогтох мөрийтэй тоглоомд донтож, их хэмжээний мөнгө алдсаныгаа “Голомт” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дансанд нэвтэрч танилуудынхаа нэрээр зээлийн эрхтэй карт гарган авч төлсөн байж болзошгүй нөхцөл байдал ч тогтоогдсон гэдэг. Өөрөөр хэлбэл, өмнөх өр төлбөрөө төлөхийн тулд “Голомт” банкны “Алтан амекс” гэх картын эрхийг нэмэгдүүлж аван, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхийн үлгэрээр ажиллаад, эцэстээ энэ нь илэрсэн аж.
Шүүхээс “Голомт” банкны “Ард” салбарын харилцааны менежерээр ажиллаж байсан Э.Өлзийтогтоход Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тооцож, дөрвөн жил хорих ял оноон, учруулсан хохирлыг нь түүнээс гаргуулахаар шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх ч уг ялыг хэвээр үлдээсэн юм байна. Харин тэрбээр хохирлынхоо хэдийг нь хэрхэн төлж барагдуулж байгаа нь тодорхойгүй.
Аливаа банкны үйл ажиллагаа иргэдийн итгэл дээр тогтож байдаг. Ажилтнууд нь иргэдийн итгэлийг эвдэн, харилцах болон хадгаламжийн дансандаа байршуулсан мөнгийг нь энд дурдсан тохиолдлууд шиг луйвардаад байвал банканд итгэх хүн олдох уу.