2023 оны аравдугаар сарын 7-нд эхэлсэн Израил-ХАМАС-ын дайн тус бүс нутгийн олон арван жилийн түүхтэй хямралыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ олон улсын байдал, үйл явцын цаашдын өрнөлийг улам бүр тодорхойгүй болгож, даяарчлалын геополитикийн дахин хуваарилалтыг түргэтгэж байна гэж олон улсын харилцаа судлаачид үзэж байна. Израил-Хамасын асуудал бүс нутгийн бус олон улсын шинжтэй болсон. Тодруулбал, Болив, Чили улс элчин сайдын яамаа татсан нь латин америкийн улсууд мөн байр сууриа илэрхийлж эхэлснийг харуулна.
Ойрхи дорнод ба дэлхийн геополитикийн дахин хуваарилалт сэдвээр МУИС-ийн Улстөр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Бодлогын судалгааны төвөөс академик мэтгэлцээнийг зохион байгууллаа. Ойрхи Дорнод нь дэлхийн бодлого, орчин үеийн олон улсын харилцааны нэг чухал зангилаа бүс нутаг. Тус бүс дэх шинэ дайны асуудлаар манай улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тодорхойлсон бодлогын зарчмууд, энхтайванч байр сууриа тууштай баримталж байна. Дээрх бүс нутгийн байдал эрс доройтож, олон улсын аюулгүй байдалд ноцтой заналхийлж, тааварлахад бэрх уршиг дагуулж байгаа нь гадаад бодлого, аюулгүй байдлын судалгааны үндэсний чадавхиа улам бүр бэхжүүлэх замаар бодлогоо боловсронгуй болгон, үйл ажиллагаагаа оновчтой чиглүүлэх шаардлага үүсэж байгааг мэтгэлцээний үеэр судлаачид онцоллоо.
Шинэ үеийн дайн Орос-Украины сөргөлдөөнөөр эхэлсэн бол Израил-ХАМАС-ын дайнаар үргэлжилж байна. Ингэхдээ техник технологийн хөгжлийг нэвтрүүлж, дроноор зэвсгийн нөөцөө хангах, нууц мэдээллээ дамжуулах, дэлбэрэлт үүсгэх хэмжээнд хүрсэн. Энэ аюул тухайн бүс нутагт оршин амьдарч байгаа энгийн иргэдийн амь насаа алдах эрсдэлийг нэмэгдүүлж, олон улсын хэмжээнд дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь толгойны өвчин болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, биенээ хүлээн зөвшөөрөхгүй ирсэн 70 жилийн үл ойлголцол дээрх хоёр улсын харилцааг өнөөдрийн түвшинд хүргэсэн гэж үзэх судлаачид бий. Нөгөө талаас төлөөллийн дайн уу гэх асуудал ч хөндөгдөж байна. Их гүрнүүдийн ивээн тэтгэлгийн дайнд тухайн бүс нутгийн тусгаар тогтнол, хүн амд тулгамдаж буй асуудал огт хамаагүй бөгөөд эдийн засгийн тусламж нэрээр халхавч хийж, түүний цаана геополитикийн том ашиг хүртэхээр төлөвлөсөн байдаг юм. Үүний тод жишээ Палентины асуудал гэдгийг зарим судлаач хөндлөө.
Олон улсын харилцаа судлаач С.Баясгалан “ХАМАС бүлэглэл дайнд бэлдэж байгааг Израилын тал мэдээгүй байна гэдэг эргэлзээтэй. Технологийн өндөр хөгжилд хүрсэн улсын Батлан хамгаалах яам мэдэхгүй байх учиргүй. ХАМАС-ыг довтлоход, нарийн хамгаалалтад байдаг бүсүүдийг нэвтрэхэд Израилын тал огт мэдээлэлгүй байна гэж байхгүй. Тиймээс мэдсээр байж дайныг өдөөж, ХАМАС эхэлсэн байдлаар харагдуулсан уу гэх асуулт байна. Өөрөөр хэлбэл, ХАМАС-ыг өөрийн довтолгоогоор нь дарж авах бодлого байж магадгүй” гэлээ.
Израилын гол зорилго нь ХАМАС-ыг устгах, Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж үлдэх. Мөн улс дотроо нэр хүнд нь унасан Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн дараагийн нүүдэл энэ дайн байсан гэх хардалт ч бий.