АНУ-д өнгөрсөн сард ажилгүйдлийн түвшин 3.7 хувь болж буурсан үзүүлэлт гарснаас шалтгаалж голлох валютуудын эсрэг ам.долларын ханш баасан гарагт чангарлаа. Тодруулбал, эл өдөр ам.долларын индекс 0.3 хувиар дээшлэн 104.13-т хүрсэн байна. Тус улсад арваннэгдүгээр сард 199 мянган ажлын байр бий болсныг Хөдөлмөрийн яамнаас нь мэдээлсэн юм. Эл дүнг 180 мянга байна хэмээн шинжээчид өмнө нь таамаглаж байсан билээ. Дээрх мэдээлэл цацагдахаас өмнө Японы Төвбанк мөнгөний зөөлөн бодлогоо өөрчилнө гэх хүлээлт үүссэнтэй холбоотойгоор “ногоон”-той харьцах иений ханш чангараад байсан юм. Японы мөнгөн тэмдэгтийн ханш 200 өдрийн дунджийг давж чангарсан тухай шинжээчид дурдаж байв. Тухайлбал, ам.долларын эсрэг ханш нь пүрэв гарагт бараг сүүлийн нэг жилд байгаагүй өндөр дүнгээр өссөнийг тэд онцолж байлаа. Харин дээрх мэдээлэл цацагдсаны дараа иений ханш ам.долларын эсрэг 0.15 хувиар суларч 144 болсныг “Reuters” дамжуулав.