Хар тамхины хэрэгт удаа дараа холбогдож, гадаад, дотоодын хууль сахиулах байгууллагад шалгуулж байсан “Жоби” хочтой Б.Түвшинжаргалыг их хэмжээний мансууруулах бодис хадгалж, борлуулахыг завдсан үндэслэлээр гурав дахь удаагаа саатуулан шалгаж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт улсын хилээр нэвтрүүлсэн нэг кг орчим мансууруулах бодисоо авч явахад нь хууль сахиулагчид баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулжээ. Б.Түвшинжаргалтай хамт Б.Батмонголыг баривчилсан байна. Тэрбээр Б.Батмонгол тэргүүтэй хүмүүсийн хамт мансууруулах бодистой холбоотой хэрэгт яллагдагчаар татагдаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эргийг хэлэлцэхээр товлосон ч элдэв шалтгаар хурлаа хойшлуулаад байгаа билээ.
Тэд 2020 оноос хойш олон улсын буухиа шуудангаар Африкаас бусдын нэр, иргэний үнэмлэх ашиглан мансууруулах бодис хүлээн авсан, борлуулсан олон үйлдэлд холбогдсон юм. Б.Түвшинжаргал Хонконгод мансууруулах бодистой холбоотой хэрэгт шийтгүүлж, 2010 оноос хойш арваад жил ял эдэлж байхдаа Африк тивийн Малави зэрэг улсын иргэдтэй холбогдож, шуудан илгээмжээр Монгол руу мансууруулах бодис авч худалдахаар тохиролцсоны илрэл нь нэг кг орчим “бараа”- тай баригдсан явдал юм. Б.Түвшинжаргал нарын 11 хүнд холбогдох хэргийг хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 27-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис, С.Өсөхбаяр, М.Отгонбаатар нар хэлэлцэхээр товлоод байсан ч бас л хойшлуулжээ. Энэ хооронд эл хэргийн гол зохион байгуулагч Б.Түвшинжаргал дахин гэмт хэрэг үйлдсэн юм байна.