Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулав.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн дарга Д.Амарбаясгалангийн өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг НҮБ-аас Монгол Улсад ирүүлсэн зөвлөмж болон ТББ-уудын тавьсан шаардлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх дэд зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, санал солилцов.
Тус уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, тулгамдаж буй асуудал шийдлийн талаар ярилцлаа.
Мөн ТББ-ууд хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, тэдгээрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах талаар санал хүсэлт гаргаж, гарц шийдлийг танилцуулсан үр дүнтэй уулзалт боллоо.
Үүнээс гадна Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулав.
Хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, тулгамдаж буй асуудал шийдлийн талаар санал солилцов.
Мөн салбарын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах, ХБИ-ийн үйлдвэрлэлийг дэмжих, “И-монгол” академи УТҮГ-ыг орон тооны дохионы хэлний хэлмэрчтэй болгох, алслагдсан хороодод төрийн цахим үйлчилгээг авах хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээ мэдээлэл болон танин мэдэхүй, спорт олон нийтийн арга хэмжээ, цаг агаар, гамшиг, эрүүл мэнд зэрэг нэвтрүүлгийг дохионы болон хадмал орчуулгатай болгон нэмэгдүүлэх, дохионы хэлээр ярьж буй хүний дэлгэцний харагдах байдлыг томруулах зэрэг асуудал шийдлийн талаар нээлттэй хэлэлцлээ.