Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр мэдээлэл хийлээ. УИХ-аас зохион байгуулж буй “нүүрсний” хэргийн нээлттэй сонсголын үеэр Үндсэн хууль зөрчиж, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай мэдээлэл ил болж, нийтийг бухимдуулсан. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн байр суурийг түүний хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр танилцуулсан юм. Ерөнхийлөгч үүнд онцгойлон анхаарч, хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллага яаралтай ажиллаж, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа аж. Тиймээс Төрийн тэргүүний зүгээс Засгийн газарт газрын нэгдмэл сан, эзэмшилт, ашиглалт, бүртгэлийг шалгаж, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэн хариуцлага тооцохыг чиглэл болгосон байна. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдахаар Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал түүнийг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн гэдгийг тэрбээр сануулжээ.