Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахын тулд ард түмэн, татвар төлөгчдийг хууран мэхэлж, хуучин автобуснууд нийлүүлснээс үүдэлтэйгээр 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж буй билээ. УЕПГ-аас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, НПГ-аас хяналт тавьж байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийж, хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан. 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна.
Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, нийслэлийн ЗДТГ, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаадын дөрвөн иргэнийг яллагдагчаар татжээ. Дээрх яллагдагч нараас нэг хүнд цагдан хорих, 24 хүнд хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан” хэмээн мэдээлсэн юм.
Чухам хэн хэнийг яллагдагчаар татаад байгааг уншигчдадаа хүргэе. Мэдээж эл хэрэгт гол үүрэг гүйцэтгэсэн, БНСУ-ын “Daewoo” компаниас автобус авч нийслэлийн нийтийн тээврийн салбарт нийлүүлэх тендерт шалгарсан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, ерөнхий нягтлан бодогч нарыг яллагдагчаар татсаныг бид өмнө нь мэдээлсэн. Өдгөө тус компанийн ерөнхий захирал А.Ганхуягийг цагдан хорьсоор байгаа билээ. Тэдэнтэй хамт автобус худалдан авах 318 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт багтсан Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооны менежер, “Тэнүүн-Огоо” ХХК-д эдийн засагчаар ажилладаг С.Бямбасүрэнг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамтрагчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцоод байна.
Төрийн байгууллагын буюу нийслэлийн хэд хэдэн албан тушаалтан эл хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын I орлогч Ж.Сандагсүрэн, Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт нар Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан албан тушаалаа урвуулж их хэмжээний хохирол учруулсан хэргийн яллагдагч болоод буй.
Тэдэн дээр нэмж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын дарга Б.Энхтайван болон тус газрын албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүний 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны тушаалаар автобус худалдан авах тендерийн үнэлгээний хорооны даргаар НХААГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, нарийн бичгийн даргаар тус газрын мэргэжилтэн Ш.Баярсүх, Нийтийн тээврийн газрын мэргэжилтэн А.Чойжилсүрэн, Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооны менежер С.Бямбасүрэн нар томилогдон ажиллаж, улмаар “Тэнүүн-Огоо”-г шалгаруулсан байдаг.
Энэ хүмүүс дээр нэмж нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын долоон албан тушаалтныг дээр дурдсан зүйл заалтын дагуу яллагдагчаар тооцсон байна. Тухайлбал, “Но”-той ногоон автобусны дуулиан дэгдсэний дараа АТГ-ын ажлын хэсгийнхэн гэрт нь нэгжлэг хийх үед эрүүл мэндээ хохироосон, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн дотнын найз, НТГ-ын дарга С.Жавхлантбаатар, тус газрын Техник, технологийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад дуулиан дэгдмэгц хүсэлтээ өгч ажлаасаа гарсан Б.Мөнхболд, тус хэлтсийн цахилгаан хангамж хариуцсан инженер Д.Цогбадрах, Оношилгооны төвийн инженер Б.Алтаншагай, Хяналт шалгалтын хэлтсийн авто тээврийн улсын байцаагч О.Сүхбаатар, тус газарт ажиллаж байсан .Мөнхбаяр, О.Лувсандагва нарыг албан тушаалаа урвуулсан гэж буруутгаж буй юм билээ. Мөн НТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах нягтлан бодогч Б.Баярмаа, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга О.Дөлгөөн, Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул, мэргэжилтэн Ц.Хадбаатар нарыг Эрүүгийн хуулийн 23.5-1-ийн “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татсан аж.
Гадаадын дөрвөн иргэнийг яллагдагчаар татсанаа АТГ-аас ч, прокурорын байгууллагаас ч мэдээлсэн. Тодруулбал, ногоон автобусны дуулиан дэгдсэн өдрүүдэд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягтай хамт хэвлэлийн бага хурал хийсэн “Zyle motors” компанийн гадаад дахь үйлдвэрүүд хариуцсан захирал Им Саён, тус компанийн харьяа “Vietnam Daewoo bus” буюу Вьетнам дахь салбарын угсралт хариуцсан ажилтан Ким Ки Үн, “Воннам ЖЛС” компанийн Монголын талын тээвэрлэлт хариуцсан ажилтан Лий Жун Сууб, “IK tea” гэх компанийн Монгол Улс дахь төлөөлөгч Ким Киа Баум нар байгаа юм. Тэднийг албан тушаалаа урвуулж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар тооцоод байна.
Тэгвэл улс төрд нөлөө бүхий нэг хүн байгаа нь нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталсан байна. Улмаар ингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал прокурорын байгууллагаас хүргүүлсний дагуу өчигдөр шүүх хурал болж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Ногоон автобусны гэх дуулиан цаашид хэрхэн үргэлжлэхийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Автобуснуудыг буцаах бараг л боломжгүй” гэсэн утгатай мэдээлэл хийгээд буй. Хууль, шүүхийн байгууллага энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж, дээр дурдсан хүмүүсийг гэм буруутай гэж үзвэл улсад учирсан 318 тэрбум төгрөгийн хохирлыг, “но”-той ногоон автобуснуудыг хэрхэх талаар тогтоол гаргах нь дамжиггүй. Юутай ч буцаах болсон тохиолдолд гэм буруутнуудаас хохирол төлбөрийг нь барагдуулах арга хэмжээ авах учиртай билээ.