Анхан шатны шүүхүүд авлига, албан тушаалын хэргүүдийг шударгаар шийдэлгүй, холбогдогчдын заримд нь хэт хөнгөн ял шийтгэх, эсвэл цагаатгах, үгүй бол мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх ялихгүй шалтаг олон прокурорт буцаах тохиолдол олон гардаг. Харин тэр болгонд нь хэрэгт хяналт тавьж буй прокурорууд эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхэд хандах болжээ. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн, олны анхаарал татсан нэг бус хэрэгт НПГ-аас эсэргүүцэл бичиж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлээд буй. Тухайлбал, Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдсон хэргээс зарим шүүгдэгчийг цагаатгасан, хөнгөн ял шийтгэснийг НПГ-ын ажлын хэсгийнхэн эсэргүүцсэнийг бид цаг тухайд нь мэдээлсэн. Мөн УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай нарын, ХӨСҮТ-ийн захирал асан Б.Нямхүүгийн холбогдсон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах ялихгүй шалтаг шүүгч олж харсныг, “Бэлтэс мөрөн”-гийн буюу Хөвсгөл аймгийн олон иргэнийг залилагчдын, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан .Ганзориг тэргүүтний төрд хохирол учруулсан гэх хэрэгт шүүх хөнгөн ял оноосныг, хүний амь хөнөөсөн ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалыг хугацаанаас өмнө суллах болоогүй байхад “наранд гаргасныг” прокурорууд эсэргүүцэн хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаад байгааг бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.
Эдгээрээс гадна олны анхаарал татсан өөр олон хэрэгт прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхэд хандсан аж.
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан нэг бус хэргийг шүүх шийдвэрлэлгүй прокурорт буцаасан байдаг. Тухайлбал, АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос нарт холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн тавдугаар сард хэлэлцээд зарим шүүгдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэг хэсэгт нь хөнгөн ял шийтгэсэн байдаг. НПГ-аас үүнийг нь эсэргүүцэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэнээр анхан шатны шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгоод буй юм. Мөн энэ дуулиант үйл явдалтай холбогдуулан шалгасан Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын авто замын шалган нэвтрүүлэх заставын хангалт эрхэлсэн орлогч Д.Хуяг-Очир нарын 24 хүнд холбогдох хэргийг мөнөөх Ханбогдын Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг өнгөрсөн сард хэлэлцэж прокурорт буцаах захирамж гаргасан аж. Үүнийг хэрэгт хяналт тавьсан прокурорууд нь “үндэслэлгүй” гэж үзэн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлээд буй гэнэ.
Төрийн дунд шатанд авлига “цэцэглэсэн” гэж дүгнэх хүн олон. АТГ-ынхан дунд шатны албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг илрүүлэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлсээр буй. Гэвч шүүхүүд, ялангуяа орон нутагт, нэг дор ажиллаж байгаа, бие биеэ таньж мэддэг хүмүүсийн хэргийг шүүгч нар шийдвэрлэхдээ “танилын нүүр халуун” гэгч болдог бололтой. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг, эсвэл хэрэгт ач холбогдолгүй зүйлийг тодруулах шаардлагатай хэмээн мөрдөн байцаалтад буцааж, хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгахыг зорих тохиолдол нэг бус. Үүний тод жишээг энд өгүүлье. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын орлогч Т.Батмөнх албан тушаалаа урвуулж, туулах чадвар сайтай жийпийг хугацаанаас нь өмнө акталж, маш бага үнээр борлуулж, бусдад давуу байдал олгосон талаар бид өмнө нь уншигчдадаа хүргэж байсан. Эл хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн есдүгээр сард хэлэлцэж Т.Батмөнхийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон юм. Үүнийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж прокурор үзэн тодорхойгүй байна.
Түүнчлэн Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ялихгүй шалтаг хэлж буцаасан байдаг. Засаг дарга .Чимэд өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өнгөрсөн зургаадугаар сард мэдээлсэн билээ. Гэвч тус шүүх аймгийн Засаг даргынхаа холбогдсон хэргийг шударгаар шийдвэрлэж чадалгүй, хэрэгт ач холбогдолгүй ажиллагаануудыг хийх, өмнө нь нэгэнт хийсэн ажиллагааг дахин гүйцэтгэх боломжгүйгээ хуулийн дагуу тайлбарлан прокурор эсэргүүцэл бичсэн ч тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэж буй бололтой.
Хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд холбогдсон хэргийг шүүх шударгаар шийдээгүй гэж үзэн прокурорууд эсэргүүцэл бичсэн тохиолдол ч байна. Тодруулбал, НПГ-ын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Баярмагнай, Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор асан Т.Ууганбаатар, Цагдаагийн газрын дарга байсан, хурандаа Д.Ганзориг нар албан тушаалаа урвуулж модны ченж М.Соёл-Эрдэнэ, аймгийн Засаг дарга асан Г.Эрдэнэбат нарт давуу байдал олгосон хэргийг тус аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир цагаатгасан. Үүнийг хяналтын прокурор нь эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд нь хандаад буй юм билээ. Бас Дорноговь аймгийн Прокурорын газрын орлогч прокурор М.Ширэндэв, хяналтын прокурор Б.Догмиддорж нар албан тушаалаа урвуулсан хэргийг тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгасныг НПГ-аас эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандаад байгаа гэнэ.
Улсын дээд шүүх прокурорын бичсэн эсэргүүцлүүдийг хүлээж авсан нь цөөнгүй. Тэр дундаа олны анхаарал татсан, УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюүзанбатбаяр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарын холбогдсон хэргүүдийг анхан шатны шүүх цагаатгаж, давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэснийг Дээд шүүх хайныг нь хагалж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болоод буй билээ.