БНСУ 2024 онд 165 000 мэргэжлийн бус цагаач ажилчин авчирч, олон салбарыг хамарсан ажиллах хүчний хомсдолыг даван туулна гэж тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдэгдснийг Ёнхап агентлаг мэдээллээ. Мөн Засгийн газар мэргэжлийн бус хөдөлмөрийн визээр (E-9) ирж байгаа гадаадын ажилчдыг шинээр ресторан, уул уурхай, ойн аж ахуйн салбарт хамруулахаар төлөвлөж байна.
Жишээлбэл, рестораны салбарт Чежү, Сэжон болон орон нутгийн засаг захиргаанаас Солонгос ресторанд гал тогооны туслахаар гадаад ажилчдыг ажиллуулахаар ярагдаж байгаа юм. Үйлдвэрлэлийн салбарт Е-9 визтэй 95 000, газар тариалан, мал аж ахуйн салбарт 16 000, үйлчилгээний 3000, загас ан агнуур 10 000, барилгын салбарт 6000, усан онгоцны чиглэлээр 5000, үлдсэн 20 мянгыг нь салбар харгалзахгүй ажиллуулахаар төлөвлөжээ.
E-9 визийг мэргэжлийн бус хөдөлмөр шаарддаг ажилд орох хүсэлтэй цагаач ажилчдад олгодог. Өмнөд Солонгост Е-9 визээр нэвтэрч буй цагаач ажилчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, 2021 онд 52 мянга, 2022 онд 69 мянга байсан бол 2023 онд 120 мянга болж өсжээ.
Эх сурвалж: Yonhap news