Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Green house” гэсэн дөрвөн багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Зорьсондоо” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна. “Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” “Зорьсондоо” багийнхан ахмадууд хэрхэн аж төрж буйг сурвалжлав. Энд нэг зүйлийг онцлоход, УИХ-аар эдүгээ хэлэлцэж буй Гэр бүлийн тухай хуулийн төсөлд эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээдүүдийг нэрлэж, хэрэв асран хамгаалаагүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тусгасан байна.
Буурлуудын дуслуулсан хөлс өнөөдөр ч хатах учиргүй
Хүнсний захад талх, нарийн боовны лангуу ажиллуулдаг эмэгтэй цахим орчинд “Орой ажлаасаа буух болж, бараагаа хураахаар урд эгнүүлж тавьсан зөөлөн боовны уут заримдаа цоорчихсон харагддаг. Ажиглаад байх нь ээ, эмээ, өвөө нар урдуур нь гарахдаа гурилан бүтээгдэхүүний уутыг сэм цоолж, ганц нэгийг сугалаад амандаа хийдэг юм билээ. Харсан ч хараагүй мэт өнгөрдөг. “Зүгээр ав аа” гээд хэлчихвэл өндөр настай эмээ, өвөө нар ичиж зовоод нүүр хийх газаргүй болох биз. Ямар аргатайдаа ингэж явах вэ дээ. Зарим залуус аав, ээжийнхээ тэтгэврийг жил, сараар нь зээлүүлж аваад, хуу хамчихдаг гэж банкныхан ярихыг сонссон. Аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг авдаг нь, нийтлэг тохиолдол. Ер нь залууст хэлэхэд аав, ээжийгээ баярлуулж гийгүүлдэггүй юм гэхэд дуртай амттаныг нь аваад өгчихөж байгаасай. Өтөлж, бууралтсан тэд талхны зах ч даахгүй” хэмээн бичжээ.
Энэ бол ахмадууд хүндхэн амьдарч буйн наад захын жишээ. Хүний эрхийн үндэсний комиссын 22 дахь илтгэлд бүр ноцтой жишээнүүд дурдсан байна. Тухайлбал, “Эмнэлэгт хүргэгдсэн буурай гэр лүүгээ “Миний нуруу хугарсан гэж байна” гэж залгахад хүү нь “Тэгээд би яах юм, завгүй байна” гээд утсаа тасалсан”, “Хорооны нийгмийн ажилтантай ярилцахад “Хүчирхийлэлд байнга өртдөг өрөвдөлтэй эмээтэй таарсан. Тэрбээр хүүхэдгүй, хамаатныдаа амьдардаг. Нүүр нь хөх няц болчихсон хороонд үе үе орж ирнэ. “Энэ хүмүүс намайг зодоод байх юм, би яах ёстой юм бол. Хорооны цагдаа дуудах уу” гэдэг. Гэвч айгаад дуудахгүй. Дараа нь тэрбээр зодуулж, харваад нас барчихсан байсан” хэмээсэн. “Дээд мэргэжилтэй, нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуульд багшаар ажилладаг охин нь ээжийнхээ тэтгэврийн мөнгөний картыг ашиглаж, гэрээсээ хөөсөн тул хог түүж, өл залгадаг” гэх зэргээр олон гунигтай түүхийг илтгэлд бичжээ. Улмаар ахмадууд ажиллаж хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж чадахгүй, тэтгэврээ авч амжихгүй нас барах нь их байгааг онцолсон. Гэтэл улс төрчид “Ахмадын тэтгэврийг өнөөгийн залуус нийгмийн даатгалын шимтгэлээрээ төлдөг. Энэ нь төсөвт дарамт учруулж байна” гэж хэлэх нь элбэг. Тэр ч бүү хэл өөрсдөө засаглаж, бүтээсэн нийгмийнхээ бурууг иргэдэд тохож “Хөгшчүүл залуудаа үр хүүхдээ хайрлаагүй, эсвэл одоогийн хүүхдүүд хүн муутай болж дээ” хэмээн ярьдаг. Яг үнэндээ ахмадууд ч ид ажиллаж байх үедээ өмнөх үеийнхнийхээ тэтгэврийг төлсөөр ирсэн. Тиймээс тэдний залуу насандаа хөдөлмөрлөж, дуслуулсан хөлс өнөөдөр хатсан байх учиргүй. Гол нь төр, засаг ахмадууд руу чиглэсэн оновчтой бодлого гаргаж, хэрэгжүүлэх нь чухал юм. Учир нь дээрх ужгирсан асуудалд төр ч гэсэн буруутай билээ.
Эцэг, эхийгээ хайрладаггүй залууст хариуцлага хүлээлгэдэг болгоё
Өнөөгийн нийгэмд цөөнгүй ахмад айдас, түгшүүр, хүчирхийлэл дунд өдөр хоногийг аргацаан гуниг тээн амьдарч байна. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороог зорьж хүчирхийлэлд өртсөн ахмадуудад хэрхэн ханддагийг тодрууллаа. Эл хороонд цөөнгүй ахмад настан аж төрдөг. Тэднший олонх нь харж, хандах ах, дүүсгүй, хань, үр хүүхэд нь хорвоогийн мөнх бусыг үзсэн ч асрамжийн газар бараадах хүсэлгүй ганц бие буурал аж. Тус хорооны Засаг дарга Ц.Амаржаргал “Өөрийгөө авч явах чадваргүй, бусдын халамж хэрэгтэй тэдний санал, хүсэлтийг сонсоод, ярилцаж, зөвлөдөг сэтгэл зүйч хороо бүрт байх нь зүйтэй гэж боддог. Гэртээ ганцаараа өнждөг, хүний мөрөөсөл болсон, улсаас олгодог тэтгэвэр, халамжийн мөнгөнд хамрагдаагүй эрэгтэйчүүдэд олддог ажил нь орцны жижүүр. Тэднийг дуртай үедээ ирээд ярилцдаг, шатар, даам тоглон, ном, сонин, сэтгүүл уншдаг тухтай газартай болгох сон. Монголд ахмадуудын хийж чадах ажил олон шүү дээ. Бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг цагийн ажлын байр нэмэгдүүлэх заалт хуульд оруулаасай. Хүн завгүй байх тусмаа ажлын бүтээмж өндөр, амьдралын идэвхтэй байдаг. Тиймээс тэдэн рүү чиглэсэн дорвитой ажил өрнүүлэх хэрэгтэй” хэмээсэн юм. Мөн хорооны Ахмадын хорооны дарга Г.Цэцгээ “Өндөр настнууд гэрээс гарахгүй байсаар уйддаг, хүүхдүүдийнхээ ар гэрийн таагүй харилцаанаас болж сэтгэлээр их унасан харагддаг. Уух эмээ ч авч чадахгүй хэрнээ хүүхдүүдийнхээ өр зээлийг сар бүр төлнө. Эцэг, эх нь амьдралынх нь ачааг хөнгөлөх гэж хичээж буйг хүүхдүүд нь ойлгох хэрэгтэй. Өөрийг нь эрийн цээнд хүргэчхээд хүүхдийг нь өсгөх гэж зовох ёсгүй. Эцэг, эхийгээ хайрладаггүй залууст хариуцлага хүлээлгэдэг болгоё” гэв.
Ахмадууд бие болон сэтгэл зүйн ил, далд хүчирхийлэлд өртдөг. Хүү, охин нь өөрийн жаргалыг бодоод хүүхдүүдээ аав, ээждээ орхиод явчихна. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд хариуцлагагүй хандах нь ихэсжээ. Эцэг, эхдээ хаягдсан ач, зээгээ ахмадууд нэрээрээ овоглож, хороонд бүртгүүлэх явдал ч сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэнэ. Дээрх хороонд Н.Буд хэмээх 80 гаруй настай эмээ хүндхэн нөхцөлд амьдардаг аж. Хүүхдүүд нь ажилгүй тул тэтгэврийн хэдийг нь булаан авч, архи ууж дуусгаад шөнө дүлээр “Мөнгө олж ир” гээд хөөдөг байна. Түүнийг эрсдэлтэй нөхцөлд амьдарч буйг мэдсэн хорооны болон Ахмадын хорооны дарга, нийгмийн ажилтан нь эргэж тойрч, анхаарал хандуулах болжээ. Үхтэл үр харам гэгчээр ахмадууд яаж ч зовсон үр хүүхдээ олонд муу хэлүүлэх дургүй. Хорооны ажилтныг цагдаа дагуулаад гэрт нь очиж, уулзсаны дараа эхийгээ “Хавь ойрын хүнд ховлолоо” гэж дарамталдаг тул “Цагдаад битгий хэлээрэй. Манайд дагуулж ирэв ээ. Эмээ нь зовлонгоо уудлах юмгүй болж байна шүү” гээд уйлдаг тухай сонсоод сэтгэл эмзэглэж сууснаа нуух юун. Ахмадуудыг гэрт суухаар зорилгогүй болдог, ач, зээгээ асрах үүрэгтэй гэх явцуу бодлоос бид салах хэрэгтэй. Эцэг, эхийнхээ тэтгэврийнх нь мөнгийг булаацалдахгүй, сэтгэл тайван амьдруулахад тэд баярлана шүү.
Тус хороонд бүртгэлтэй ахмадуудын 90 хувь нь “Мөнхбаясгалант” өрхийн эрүүл мэндийн төвд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагджээ. Аав, ээжийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, хөтлөөд ирэх залуус ховор болсныг өрхийн эмч Ө.Лхагвабаясгалант ярианыхаа дундуур өгүүлсэн юм. Тэрбээр “Ахмадуудын зарим нь мөнгөгүй болохоор эм, тариа авах бололцоо муутай. Тэд зүрх, цусны даралт, өвчин намдаах, чихрийн шижин өвчний эмийг эрүүл мэндийн даатгалаар голдуу авна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөн бэртэж, гэмтээд ирэх нь ч бий” гэсэн юм.
Ахмадуудын тэтгэврийн мөнгө нэмэгдсэнийг сонсоод маргааш нь бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг гаж тогтолцоо зөвхөн Монголд бий. Өндөр настнууд байтугай залуус цалингаараа амьдрахад амаргүй нийгэм болсон. Өргөн хэрэглээний хүнсний үнэ тэнгэрт тултал нэмэгдсэн үед 600 мянган төгрөгөөр амьдрах нь тэдэнд хүнд тусаж байна. Тэтгэврийнхээ багахан мөнгөөр ажилгүй хүүхдийнхээ амьдралыг залгуулдаг нь ч бий. Тиймээс төр, засаг үнийн хөөрөгдөлд хяналт тавьж, зохицуулах хэрэгтэй. Ахмадууд ихэвчлэн ямар санал, хүсэлт тавьдгийг мэдэхээр XI хорооны зохион байгуулагч Б.Ариунжаргалтай уулзсан юм. Тэрбээр “Сүүлийн үед ажилласан жилээс нь хамаарч тэтгэврийн мөнгийг нэмсэн нь ахмадуудыг бухимдуулж буй асуудлын нэг болсон. Тэдний олонх нь тэтгэврийн зээлтэй. Гэр хороололд нүүрс түлж амьдарснаас түрээсийн орон сууцтай болохыг хүсдэг. Гэвч тэтгэврийн мөнгөнийх нь хэмжээ ахиу байх шаардлагатай гэх шалгуур үзүүлэлт заасан байдаг тул байртай болох магадлал бага. Тэгэхээр ахмад настнууд руу чиглэсэн бодлого баримталж, тэтгэврийн мөнгөнийх нь хэмжээнд тохируулан үнийг хөнгөлөх нь зүйтэй. Бодлого боловсруулагчид Гэр бүлийн тухай хуулийн төсөлд амьдарч буй нийгэмтэй нь уялдуулж, ахмадуудын эрх ашгийг хамгаалсан заалтууд нэмэх шаардлагатай” хэмээсэн.
Ахмадууд баян, тансаг гэхээс илүү эрүүл, сэтгэлийн зовлонгүй, тайван амьдрахыг хүсдэг нь нүдний харц, уруул давах үгээс нь мэдрэгддэг. Буурлуудын буян их. Буцах хаяггүй хорвоод “Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” ээ.
Ахмадууд аврал эрж, асрамжийн газар барааддаг
Асарч халамжлах хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй, хэвтэрт байдаг, нийгэмдээ адлагдсан ахмадууд улсын болон хувийн асрамжийн газарт аж төрж, үйлчилгээ авахыг хүсэх нь сүүлийн үед олширчээ. Өнгөрсөн аравдугаар сард болсон Ахмадын үндэсний VIII их чуулганаар тэд орон байртай болох, хүчирхийллээс ангид байх, ар гэрийнхэн нь асрах үүргээ биелүүлдэггүйг хамгийн ихээр хөндөж, саналаа хэлжээ. Өөрөөр хэлбэл, ахмадууд өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалсан зөв зохицуулалттай хууль, өндөр настны хэрэгцээ шаардлагад нийцсэн асрамж, сувиллын газрыг нэмэгдүүлж, үйлчилгээг нь сайжруулахыг төрөөс хүссэн юм. Тэдний эрх олон зүйл дээр зөрчигдөж байгааг албаныхан ч хүлээн зөвшөөрсөн. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэгт 187, зөрчлийн хэрэгт 2358 ахмад настан өртөж, хохирсон гэх мэдээллийг цагдаагийнхан бүртгэсэн бол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд өмнөх хоёр жилд 690 ахмад настан хандаж зөвлөгөө, үйлчилгээ авсан аж. Манай улсад 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж буй ч үйлчилгээ авах хүсэлтэй ахмад олон болсон тул тэр бүр хүрэлцдэггүй. Улсдаа хамгийн том гэгддэг Төв аймгийн Батсүмбэр дэх асрамжийн газарт 195 иргэн амьдардаг. Өндөр настанд ээлтэй, хүчирхийлэлгүй амьдрах орчин зөвхөн асрамжийн газар болсон гэхэд хилсдэхгүй.
Нийслэлд 1996 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Тереза эх” ахмад настай эмэгтэйчүүдийн асрамжийн төвийн зарим үйлчлүүлэгчийн байр суурийг тодрууллаа. Эл газар гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд асрамжийн газар ажиллуулахаас гадна гэр хороолол дахь өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшдөд халамж, тусламж үзүүлэх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус төв нь 30-40 хүн хүлээж авах боломжтой. Тэнд 50-90 насны 30 орчим эмэгтэй байсны олонх нь хөгжлийн бэрхшээлтэй гэнэ. Мөн ганцаардсан, өвдсөн, далд хүчирхийлэлд өртөж бие, сэтгэлээрээ хохирсон, гэр бүлдээ ад үзэгдэж, хөөгдсөн гээд янз бүрийн шалтгаанаар иржээ. Уйлаад зовлонгоо ярих нь байхад, аюулгүй, тухтай орчинд ирсэндээ баярлах нь ч таарсан. 56 настай Б.Баярмаа “Энд ирээд хоёр жил боллоо. Залуусыг байгууллага нь гэр бүлгүй юм шиг ажиллуулдгаас бид аргагүйн эрхэнд энд ирсэн. Эмзэг давхаргын өрх нэмэгдэхийн хэрээр амьдрах нөхцөл, байдал нь доройтсоор байна. Монголд байр, машины зээлгүй хүн ховор. Энэ нь залууст амьдралаа залгуулахад дарамт болж, аав, ээж, цаашлаад эмээ, өвөөгийнхөө тэтгэврийн мөнгийг хумслахад хүргэдэг. Хэдэн төгрөгийн тэтгэвэр авдгаа ч мэддэггүй хөгшчүүд бий. Асрамжийн газар ирэх хүсэлтээ өгсөн, хүлээж байгаа хүн ихэссэн. Хэдэн жилийн дараа асрамжийн газартай болох асуудал, төрөөс дэмжлэг хүсэх шаардлага дахиад ч гарна. Энд ирсэн хүмүүс хүүхэдтэй, хүүхэдгүй нь ч бий. Сүүлийн үеийн залуус аав, ээжийгээ хоолтой, хоолгүй хаяж явдаг болсон. Бид хоол унднаасаа илүү эм, тарианд мөнгө их зардаг. Тэтгэвэр ч хүрэлцдэггүй, дутагдаж гачигдах зүйл их. Хан-Уул дүүргийн нутаг болох Яармагт эрэгтэйчүүдийн асрамжийн салбар төв бий. Төр, засгийн хийх ажлын ачааг эл төв багагүй хөнгөлдөг” гэж ярив. Тус төвд хүүхэд байхаасаа өнчирч, гурван дүүгийн хамт асрамжийн газраар гэр хийж явсан өндөр настан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд харьяалагддаг, 70 настай Д.Болдуу амьдралынхаа нөхцөл байдлыг өгүүлсэн юм. Тэрбээр “Хоёр дүү тусдаа амьдардаг. Миний хувьд асрах хүнгүй тул “Энэрэл” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм. Эмнэлгийн ажилтнууд нөхцөл байдлыг минь ойлгож, эл асрамжийн газартай холбож өгсөн. Өөрийн гэсэн гэр оронгүй надад энд асарч сувилуулах сайхан л байна. Би амьдардаг дүүрэгтээ тэтгэврийн зээл авч, орон байртай болох асуудлаар өргөдөл олон удаа өгсөн. Нэг нь ч хүлээж аваагүй” хэмээсэн. Мөн өөрийн гэсэн бичиг баримттай, гэр оронтой, харьяалах дүүрэгтэй болж, хүүтэйгээ хамт амьдарч үзэхийг хүсдэг тухайгаа нэгэн эмэгтэй ярив. Тэрбээр хүүтэйгээ уулзаагүй гурван жил болжээ. Улсаас халамж, тэтгэврийн мөнгө авч үзээгүй гэнэ. Хамтран амьдарч байсан хүн нь түүнийг гэмтээснээр хөдөлмөрийн чадвараа алдсан аж. Тэдний зарим нь үзэл бодлоо илэрхийлэхээс илт цааргалсан. Учрыг нь асуухад “Дээдэх нь суудлаа олохгүй байхад доодох нь гүйдлээ олохгүй. Бид юм яриад ч нэмэргүй, төр, засгийн холбогдох байгууллагууд нь шат шатандаа хүлээж авдаггүй шүү дээ” гэсэн юм.