Америкийн ургамлын биологичдын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг ургамлын судалгааны чиглэлээр дэлхийд нэр хүндтэй, тэргүүлэх сэтгүүл болох Ургамлын физиологи (Plant Physiology, IF-8.005) сэтгүүл нь хойч үеийнхээ редакторууд, шүүмжлэгч нарыг бэлтгэх, ургамлын судалгааны нээлт, ололтуудыг таниулан түгээх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрm ажиллаж байгаа шилдэг залуу судлаачдыг редакцын зөвлөлдөө хоёр жилийн хугацаагаар шалгаруулан ажиллуулдаг.
Энэ жилийн редакцын зөвлөлд шалгаран уригдан ажиллах шилдэг залуу судлаачийн нэгээр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн (ХХТХ)-ээс гадаадад ажиллаж байгаа доктор Ц.Мөнхцэцэг шалгарсан байна.
Доктор Ц.Мөнхцэцэг нь 2022 оны есдүгээр сарыг хүртэл ХХТХ-ийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад Тайваны шинжлэх ухааны Синика академийн Ургамлын биотехнологийн судалгааны төвд Зочин судлаачаар уригдан судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа юм. Тэрбээр гадаадад ажиллах хугацаандаа ХХТХ-ийн судлаачидтай хамтран ажиллахаас гадна тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг олон улсын Скопус бүртгэлийн санд Монгол улсаас анх удаа бүртгэгдсэн "Mongolian Journal of Chemistry" сэтгүүлийн ерөнхий редактораар 2023 оны зургадугаар сараас эхлэн ажиллаж байна.
Стэнфорд, Кембриж зэрэг дэлхийн шилдэг их сургуулиуд, судалгааны төвүүдийн шилдэг залуу судлаачдын хамтаар Ц. Мөнхцэцэг нь 2024 оны нэгдүгээр сараас эхлэн Plant Physiology сэтгүүлийн редакцад ажиллах юм.