Дэлхийн хэмжээнд тулгарсан том асуудлуудын нэгийг шийдвэрлэх зорилготой шинэлэг төслийг санаачилсан оюутнууд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаас (COP28) шагнал хүртжээ. Оксфордын Их сургуулийн багийн боловсруулсан уг төслийг COP28-ийн "Хүн төрөлхтний үлгэр жишээ санаачилга"-ын хүрээнд шалгаруулсан байна. Тодруулбал, тус багийн зохион бүтээсэн “Digital Twins 4 Tailing Dams” нь уурхайн гамшгаас урьдчилан сэргийлэх хиймэл дагуулын дохиоллын систем юм.
Энэхүү төсөл нь “Өгөгдлийн шинжлэх ухаан ба хиймэл оюун ухааны шийдлүүд” төрөлд тэргүүн шагнал буюу 100 мянган долларын шагналыг хүртлээ. Тус төслийн багийн ахлагч Б.Марал “Би ашигт малтмалаар баялаг нөөцтэй орнуудын нэг болох Монголоос ирсэн. Сайн менежменттэй уул уурхай асар их өгөөж авчирдаг гэдгийг би мэднэ. Гэхдээ би уул уурхайн сөрөг талыг ч бас мэднэ. Тийм ч учраас уул уурхайг илүү тогтвортой болгохын тулд хувь нэмрээ оруулахыг үргэлж хүсдэг байсан" гэлээ.
Ялагчдыг дэлхийн 108 орны Иел, Принстон, Кембриж, Харвард зэрэг 710 их сургуулиас ирүүлсэн 3000 гаруй төслөөс шалгаруулжээ.
Эх сурвалж: BBC