Лондон хотын төвд Темза мөрний хойд эрэгт орших Вестминстерийн ордон дэлхийн II дайны үед Германы бөмбөгдөлтөд өртсөнөөс зарим хэсгээрээ танигдахын аргагүй болтлоо сүйдэж байжээ. Тус ордны нэгээхэн хэсэг, хотын бэлгэ тэмдэг болсон Элизабетын цамхаг (Биг Бэн гэж нэрлэдэг байсан) ч үүнд өртөж, алдарт цаг нь ажиллахаа больсон байна. Ордны сүйдсэн хэсгийг сэргээн засварлах асуудлаар парламентын гишүүд чуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Уинстон Черчилль Вестминстерийг яг урьдын байдлаар, загвар, бүтцийг нь огт алдагдуулалгүй барих ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ. Мөн тэрбээр энэ үеэр “Бид эхлээд барилгуудаа бүтээнэ, харин дараа нь барилгууд маань биднийг бүтээх болно” хэмээн өгүүлсэн нь хожим түүний хэлсэн алдарт эшлэлүүдийн нэг болсон аж.
Урсгал засвар, хүчитгэл хийхгүй байсаар “Ашиглалтын шаардлага хангахгүй”, “Үйл ажиллагаа явуулах боломжгүй” хэмээн актлаад нураачихдаг. Үгүй бол өргөтгөн шинэчилж, засаж сайжруулах нэрийдлээр суурин дээр нь өөр зориулалттай барилга, байгууламж босгочихно.
Дэлхийн хамгийн эртний, түүхэн, алдартай барилгуудын нэгт ордог энэ ордон дайны сүүдэрт нэрвэгдэхээсээ өмнө их галд хоёр ч удаа өртөн, шатаж байжээ. Англичууд тэр бүрд яг өмнөх хэмжээ, дүр төрхөөр нь сэргээсээр өнөө цагийнхантай “уулзуулж”. Тус ордон 1100 гаруй өрөө тасалгаа, таван км үргэлжлэх урт хонгил, 100 гаруй шаттай, парламентын дээд, доод танхимтай гэсэн сүрдэм танилцуулгатай ч гишүүд нь чуулганы танхимдаа багтдаггүй. Английн парламентын доод танхим өдгөө 650 гаруй гишүүнтэй бол чуулганы танхим нь 427 суудалтай. Энэхүү танхим эхнээсээ л ийм бага талбай, давчуу орон зайтай байж. Улс, нийгмийн шинжтэй аливаа асуудлыг хэлэлцэхэд, маргаан, мэтгэлцээн өрнүүлэхэд халуун уур амьсгал, нүүр тулсан орчин бүрдүүлэх үүднээс зориуд ингэж төлөвлөжээ. Харин англичууд үүнийг өргөтгөх оролдлого хийж байсангүй, бүр хэд хэдэн удаа сэргээн засварлахдаа ч тэр. Ордныхоо загвар, бүтцэд ч халдаж зүрхэлсэнгүй. Учир нь тэд Вестминстерийн ордныг Британийн нийгмийн бүтцийн үндэс суурь (доод буюу нийтийн, дээд буюу лордын), парламентын ардчиллын бэлгэ тэмдэг болсон загвар хийцтэй, онцгой ач холбогдолтой, түүхэн дурсгалт барилга гэж үздэг юм.
Энэ нь 1529 он хүртэл Английн хаадын нийслэл хотноо оршин суудаг харш байсан бөгөөд 1834 онд хоёр дахь удаагаа түймэрт өртсөнийх нь дараа архитектор Чарльз Бэрри, Огастус Пьюжин нар неоготик дэгийн дагуу сэргээн барьсан түүхтэй аж. Англичууд уг ордныг түүхэн, ач холбогдолтой өмч хөрөнгийг бүртгэдэг “Historic England” жагсаалтынI ангилалд оруулж, үүнээс 17 жилийн дараа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлжээ. Өдгөө уг ордонд иж бүрэн засвар хийх талаар парламентын түвшинд ярьж байна. Үүнтэй холбоотойгоор 2022 онд парламентын дээд, доод танхимаас нь Сэргээн босголт, шинэчлэлийн зөвлөлийг хамтран байгуулаад буй аж. Ордонд иж бүрэн засвар хийхэд багадаа зургаан жилийн хугацаа шаардлагатай гэж тооцсон бөгөөд барилгын дүр төрх, зохион байгуулалтыг хуучин хэвээр нь хадгалан үлдэх бодлого баримталж байгаа гэнэ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хотоор хэдэнтээ тодорсон Лондоны амин сүнс, өв соёл, аялал жуулчлалын гол үзмэр болсон“өвгөн” барилгын түүхийн зах зухаас сонирхуулахад ийм байна.
Эндээс британичууд түүхэн дурсгалт барилгаа хамгаалахад хэр зэрэг ач холбогдол өгдгийг харж болно. Алдарт улс төрч, зохиолч, сэтгүүлч, уран илтгэгч Уинстон Черчиллийн дээрх эшлэл үгээс ч түүхэн барилга, байгууламж нийгэмд, тэр дундаа хүмүүсийн ухамсар сэтгэхүй, ахуй амьдралд хэчнээн чухал үүрэг гүйцэтгэдгийг ойлгох боломжтой.
Харин англичуудын оронд монголчууд байсан бол хэрхэх бол. Уншигч та төсөөлөөд, бодоод үзээрэй. Парламентын гишүүд нь чуулганыхаа танхимд багтаж шингэхгүйд хүрлээ гэхэд тэдэн шиг түүх, соёлын дурсгалаа хүндэтгэж, амин хувийн эрх ашгаа хойш тавьж чадах болов уу. Гамшигт үзэгдэл, гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр нэг бус удаа сүйдсэн барилгаа хуучны хэвээр нь сэргээн засаж, түүхэн дүр төрхийг нь хадгалан үлдэх байсан уу. Яг одоогийн нөхцөл байдал, сүүлийн жилүүдэд өрнөж буй үйл явдал, энэ чиглэлээр баримталж байгаа бодлого, шийдвэрүүдээс харахад лав монголчууд ингэж чадахгүй. Магадгүй олон зуун жилийн түүхтэй парламентын ордноо “Ашиглалтын шаардлага хангахгүй” гэж актлаад, суурин дээр нь гял цал, хэд дахин том барилга сүндэрлүүлэх байх.
Британи, Герман, Франц зэрэг Баруун Европын оронтой харьцуулахад манай улсын хотжилт, барилга, байгууламжийн түүх харьцангуй залуу. Тэр хэрээр “анхаарал халамж” тавих, хэт өндөр настай барилга цөөн. Гэсэн ч Монгол Улс тэдгээрийгээ хамгаалж чаддаггүй. Хуучны загвар, төрхөөр нь хадгалан үлдэж, хойч үедээ өвлүүлэхэд ер анхаардаггүй. Харин ч ад шоо үзэх маягтай байдаг. Урсгал засвар, хүчитгэл хийхгүй байсаар “Ашиглалтын шаардлага хангахгүй”, “Үйл ажиллагаа явуулах боломжгүй” хэмээн актлаад нураачихдаг. Үгүй бол өргөтгөн шинэчилж, засаж сайжруулах нэрийдлээр суурин дээр нь өөр зориулалттай барилга, байгууламж босгочихно. Түүхэн барилгуудаа ийм замаар устгадаг үзэгдэл манай улсад газар авлаа. Хүүхдийн номын сан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын болон Байгалийн түүхийн музей, МУИС, СЭЗИС-ийн хичээлийн байр гээд дурдвал “хоморгод” өртсөн барилга өчнөөн. Улаанбаатар хотод хоёрхон байсан неоклассик загварын түүхэн барилга(Байгалийн түүхийн музей, СЭЗИС-ийн хичээлийн төв байр)-аа хүртэл шил дараалан устгачихсан. Хамгийн сүүлд МУИС-ийнIII байрыг нураачихлаа. Үргэлжлүүлээд “Урт цагаан”-ыг буулгах асуудлыг хөндөж эхэллээ. УДЭТ-ын барилгыг буулгаж, шинэчлэх тухай ажиг сураг ч үе үе дуулдах болсон. Үндэсний төв номын сангийн барилгыг ашиглах боломжгүй хэмээн актлаад удаж байгаа. ДБЭТ, ГХЯ, Хөрөнгийн бирж, Хүүхдийн урлан бүтээх төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн байр, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн, Чойжин ламын сүм музей зэрэг үлдсэн цөөн хэдэн барилгаа ч ийм байдлаар нурааж, устгах нь цаг хугацааны асуудал болоод байна.
Харин дэлхийн улс орнууд Британийн нэгэн адилаар түүхэн барилгуудаа бодлогоор хамгаалж, илүү урт хугацаанд “амьдруулахад” анхаарсаар. Түүхэн барилга нь аливаа улс, үндэстний соёл, ахуй амьдрал, нийгмийн хөгжлийн гэрч, дурсгал, чиг баримжаа болдог учраас тэд ийнхүү амь тавин хайрлан хамгаалдаг аж. Хамгаалаад зогсохгүй түүнийгээ түүх, соёл, шинжлэх ухаан, урлаг, уран барилга, археологи, угсаатны талаас нь үнэ цэн тогтоож, аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болгож хөгжүүлсэн жишиг ч цөөнгүй байна. Турк улс гэхэд эртний хотуудын туурь, түүхэн барилгуудаараа мянга мянган жуулчныг татаж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд гол тоглогчдын нэг болчихлоо. Францын “Madeleine” сүм, Оросын Эрмитаж, түүний бүрэлдэхүүнд багтдаг Өвлийн ордон, Лондоны “Osterley” парк, Ромын “Collusseum” зэрэг олон зуун жилийн настай барилга, байгууламж өнөө ч дэлхийн сая сая жуулчны анхаарлыг татсаар байна. Дээр өгүүлсэн Вестминстерийн ордны алдарт “Биг Бэн” цамхаг гэхэд Лондон хотын хамгийн чухал үзмэр, аялал жуулчлалын онцлох бүтээгдэхүүний нэгт зүй ёсоор багтсаар буй юм. Түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хотоо эртний, орчин үеийн хэсэг хэмээн зааглаж, төлөвлөлт хийсэн улс ч олон аж. Мөн дурсгалт барилгуудынхаа нүүрэн хэсгийг үлдээж, ард нь өргөтгөл, засвар шинэчлэл хийдэг жишгийг ч зарим улс амжилттай хэрэгжүүлжээ. Австралийн Мельбурн хот ийм байдлаар түүхэн барилгуудаа хамгаалан үлдсэн байна.
Германы соёл судлаач, эрдэмтэн Фехне Ницман “Хүн төрөлхтөн барилгыг зөвхөн архитектурын бүтээл гэдэг талаас харахаа больсон нь хамгийн том дэвшил. Түүхэн барилга бол соёлын өвийн хосгүй дурсгал. Дэлхий дээрх олон төрлийн соёл иргэншил, ялгаатай аж амьдралын тухай хамгийн үнэ цэнтэй мэдээллийг дамжуулагч хэрэгсэл. Ийм барилгын онцлог нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эрдэнэс шиг гялалзаж, үнэ цэн нь өсөн нэмэгдсээр байдаг. Тиймээс хүний гараар бүтсэн энэхүү гайхамшигт эрдэнэсийг яг л музейн үнэт үзмэр адил хайрлаж, хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэх хэрэгтэй” гэж өгүүлснээс түүхэн барилга ямар үнэ цэнтэйг ойлгож болно. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага соёлын өвийн дурсгалд барилга, байгууламжийг багтаасан нь ч учиртай.
Олон улсын жишгээр бол 50-иас дээш жилийн настай, нэр алдартай уран бүтээлчийн барьсан, архитектурын тодорхой ур хийц шингэсэн, дахин давтагдашгүй дүр төрхтэй барилгыг түүхэн гэж үздэг юм байна. 50 жил гэдэг бол энэ ангилалд хамаарах барилга, байгууламжийн хувьд харьцангуй бага хугацаа. Хүний хөгжилтэй зүйрлэвэл нярай үе нь гэж хэлж болохуйц юм. Дэлхийн орнууд түүхэн барилгуудаа илүү урт удаан хугацаанд оршин тогтнуулахын тулд нярайгаас нь эхлээд өсвөр, залуу нас гээд бүхий л цаг үед “асран хамгаалдаг” гэнэ. Тиймдээ үүх түүх нь зуу, зуун жилээр хэмжигддэг байх нь. Харин манай улс түүхэн гэгдэх барилгуудаа 100 жилийн нүүр ч үзүүлэлгүй шил дараалан“цаазлах” болов. Уг нь хот төлөвлөлттэй холбоотой баримт бичгүүдэд Улаанбаатарын түүхэн барилгуудыг хамгаалах, нураахгүй байх талаарх бодлого, зохицуулалтуудыг хангалттай тусгасан байдаг ч тэр бүхнийг амьдрал дээр хэрэгжүүлдэггүйг судлаач, мэргэжилтнүүд энэ үед хөндсөөр байна. Түүхэн барилгууддаа эзний сэтгэлээр хандаж, хотоо “амьтай”, ой санамжтай байлгах юм сандаа.