УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргасан билээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал өнгөрсөн сарын 3-нд болоход шүүгч Д.Дуламсүрэн удирдан хаалттай хэлэлцээд гаргасан захирамжийг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандлаа. Прокурорууд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэж эсэргүүцэлдээ онцолсон байна. Шүүхээс уг хэргийг буцаах болсон үндэслэлдээ шинжээчдийн мэдүүлгийг авах шаардлагатай гэсэн байдаг.
Филиппинээс “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирч саатуулсан Т.Бадамжунайтай хамт түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарыг яллагдагчаар татаад буй билээ.
Эл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болсон өөр нэг үндэслэл нь яллагдагчаар татагдсан, их хэмжээний хахууль өгсөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдлийг буруу тусгаарласан гэж дүгнэсэнтэй холбоотой байсан юм. Эл асуудлыг ч хуулийн хүрээнд шийдвэрлэж, түүнд холбогдуулан шалгаж буй өөр үйлдлүүдтэй нэгтгэхийн тулд тусгаарласнаа эсэргүүцэлдээ тодорхой дурдсан гэнэ.