Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” хэмээн заасныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тодотгоод Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Дамдины Энхбатыг томилуулахаар санал болгож буйгаа мэдэгдсэн.
Мөн тэрбээр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах бүрэлдэхүүнд хамгийн олон жил ажилласан туршлага, докторын зэрэг онол, практикийн мэдлэгтэйг үндэслэсэн гэж байлаа.
Д.Энхбат нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай. 1997-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2006-2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2008-2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2009-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2017-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт, 2022 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна. Төрийн албанд 15 жил, үүнээс 12 жил Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага, туршлагатай төрийн албан хаагч гэдгийг УИХ-ын дарга танилцуулгадаа онцолсон.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Л.Өлзийсайханыг чөлөөлөх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэдгийг тодотгоод мөн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хүссэн юм.
Нэр дэвшигч болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Монгол Улсын парламентын гишүүдийн тоо 126 болж өргөжиж байгаа тул монголын ард түмнийхээ амьдрал ахуйг хэр мэдэж буйг тодотгоод аль салбарт докторын зэрэг хамгаалсныг илүүтэй лавлаж байлаа. Нэр дэвшигч Д.Энхбат, “Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсад олон улсын эрх зүйгээр 2002-2004 онд магистрын бүрэн курс төгссөн, 2008-2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд экологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан” гэж хариулав.
Эцэст нь Байнгын хорооны саналаар “УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Л.Өлзийсайханыг чөлөөлөх саналыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.6 хувь нь дэмжлээ.