Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна. Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарын 3 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай 2000-2004 онд Улаанбаатар хотын менежер, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм.