Израил, Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд арваннэгдүгээр сарын 24-27-нд буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас энэ долоо хоногийн даваа гаргийн шөнө хүртэл гал зогсоосон. Энэ хугацаанд хоёр тал юу юу хийхээр тохиролцов?
Юуны урьд байлдааны ажиллагааг энэ хугацаанд завсарлахаар Египет, Катарын зуучлалаар шийдсэн. Дээрх хугацаанд Газын зурвасын хэмжээнд гал зогсоож, олон зуун ачааны машинаар хүмүүнлэгийн болон эмнэлгийн онцгой тусламж, түлш, шатахуун Газын зурваст хүргэв. Агаарын хөдөлгөөнийг эндхийн өмнөд хэсэгт бүрэн, умард хэсэгт өдөр бүрийн 10.00-16.00 цагт зогсоолоо. Израилын тал Палестины газар нутагт нэг ч хүн баривчлахгүй, “Салах ад-Фин” замаар умардаас өмнөд рүү чөлөөтэй шилжих хөдөлгөөн хийх боломжоор хангах үүрэг хүлээв. Гал зогсоох хугацаа дуусмагц Израилын арми Газын зурвас дахь ажиллагаагаа сэргээхээр тохиролцсон юм.
Гал зогсоохоор тохиролцсон эхний хугацааг сунгаж болох бөгөөд барьцааны 10 хүнийг суллахад энэ хугацааг нэг өдрөөр уртасгана гэж Израилын Ерөнхий сайдын Тамгын газар мэдээлж байлаа. Түүнчлэн хулгайлагдсан бүх хүнээ буцааж автал, ХАМАС-ыг устгах хүртэл, Газын зурвасын зүгээс Израилд ямар нэг аюул занал учруулахаа байтал Засгийн газар, арми, аюулгүй байдлын хүч нь дайнаа үргэлжлүүлнэ гэж мөн мэдэгдсэн байна.
Барьцаанд байгаа хүмүүсийг суллах тухайд Газын зурваст байсан19 хүртэлх насны 50 хүүхэд, эмэгтэйг Израилын шорон дахь мөн 19 хүртэлх насны 150 хүүхэд, эмэгтэйгээр эхний ээлжид солив. Маргааш нь суллагдах хүмүүсийнхээ нэрсийг ХАМАС-аас урд орой нь Израил авч байв. Эхний үед ХАМАС өдөр бүр барьцааны 12 хүн сулласан аж. Сулласан хүүхэд, эмэгтэйчүүдийг Улаан загалмайн байгууллагад хүлээлгэн өгч, дараа нь Израилын арми (ЦАХАЛ)-д дамжуулав. Израил суллагдсан нэг хүнийхээ хариуд Палестины гурван хоригдлыг чөлөөллөө. Израилын талын үзэж буйгаар ХАМАС-т тэдний 200 гаруй хүн олзлогдоод байгаа юм. Израилын Хууль зүйн яамнаас гаргасан нэрсийн жагсаалтаас үзвэл тохиролцооны дагуу суллагдах магадлалтай Палестины 300 хоригдол байгаа нь Газын зурваст барьцаалагдсан израил хүмүүстэй солилцохоор тохирсон тооноос хоёр дахин олон байна. “Times of Israel” сонинд бичсэнээр Израилын Хууль зүйн яамны гаргасан нэрс дотор алан хядах үйлдэл хийхийг оролдсон 13 палестин эмэгтэй, эмх замбараагүй байдал дэгдээхэд оролцсон гэх 18 хүртэлх насны 281 хүүхэд байгаа гэнэ.
Энэ тохиролцоог Израилын Ерөнхийлөгч Ицхак Герцог Тель-Авивын хувьд барьцааны хүмүүсийг суллах нь чухал болохыг харуулсан “ёс суртахууны үүрэг” хэмээн нэрлэжээ. Тэгвэл Израилын арми (ЦАХАЛ)-ийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жонатан Конрикус ХАМАС хүчээ дахин хуваарилж, зэвсэг, хэрэгслийн нөөцөө бий болгоход эвлэрэх хугацааг ашиглах вий хэмээн болгоомжилж байв. Катарын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммед бин Абдель Рахман Аль Тани Израил, ХАМАС хөдөлгөөн харилцан тохиролцоонд хүрэхэд Египет, АНУ-ын оруулсан хувь нэмрийг үнэлж, талархлаа илэрхийлжээ. Барьцааны хүмүүсийг суллах асуудлаар хийсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд АНУ, Египет, Израил, Катар хамтран ажиллана хэмээн Жо Байден хэлсэн байна. Тохиролцоог хэрэгжүүлэх эхний шатанд чөлөөлөх 50 хүний дотор гурваас доошгүй америк хүн байх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен үзэж байв. Тэр гурван хүн дотор эцэг, эх нь ХАМАС-ын довтолгооны үед амь үрэгдсэн гурван настай охин багтана гэж “Politico” сонинд бичжээ. Эхний ээлжид суллагдах барьцааны 50 хүний олонх нь гадаадын иргэн байна гэж ХАМАС-ын улс төрийн товчооны гишүүн Муса Абу Мурзак мэдээлж байлаа. Түүний хэлснээр бол Израилын суллах палестин хүмүүсийн олонх нь Иордан голын баруун эргийн уугуул байх аж. Тохиролцооны хүрээнд Ливаны “Хезболла” намын жигүүр хүмүүнлэгийн зарчмыг баримтлахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Гал зогсоохоор тохиролцсон эхний хугацааг сунгаж болох бөгөөд барьцааны 10 хүнийг суллахад энэ хугацааг нэг өдрөөр уртасгана гэж Израилын Ерөнхий сайдын Тамгын газар мэдээлж байлаа. Түүнчлэн хулгайлагдсан бүх хүнээ буцааж автал, ХАМАС-ыг устгах хүртэл, Газын зурвасын зүгээс Израилд ямар нэг аюул занал учруулахаа байтал Засгийн газар, арми, аюулгүй байдлын хүч нь дайнаа үргэлжлүүлнэ гэж мөн мэдэгдсэн байна. Мэдээлж байснаар бол ХАМАС-т олзлогдсон хүмүүсээс суллагдсаныг нь хүлээж авахаар Израил зургаан эмнэлэг бэлдээд байгаа аж.
Израил, ХАМАС хоёр түр эвлэрэл тогтоосонд дэлхийн улсуудын удирдагчид талархалтай хандаж, Европын Холбоо, АНУ, Йордан, Орос, Хятад, Египет, Франц, Герман зэрэг улс баяр хүргэсэн байна. Хүмүүнлэгийн түр эвлэрлийг хоёр хоногоор сунгахаар талууд энэ сарын 27-нд шийдвэрлэлээ. Энэ хугацаанд хийх ажил, тавьсан болзол урьдын хэвээр. Хэвлэлд мэдээлснээс үзвэл хугацааг сунгах санаачилгыг ХАМАС бүлэглэл гаргасан байна. Эвлэрлийн эхний өдрүүдэд Палестины 117 хоригдлыг Израил суллажээ. Эхний гурван өдөр ХАМАС 40 израил болон гадаадын 18 хүнийг сулласан аж. Тэд барьцаанд 50 хоносон байв.
Өнгөрсөн даваа гарагт 40 орчим хоригдлыг шоронгоос гаргав. Гал зогсоох дээд хугацаа 10 хоног байх, Израил нийтдээ 300 палестиныг суллахыг Израилын Сайд нарын танхим дэмжсэн гэх мэдээлэл байна. Тэгэхдээ эхний тохиролцоон дээр нэмэгдсэн хоног тутамд ХАМАС барьцааны 10 хүнийг суллах ёстой юм байна.
ХАМАС хөдөлгөөний нэгэн төлөөлөгч Абу Убайда “эвлэрлийн гэрээний бүх заалтыг агаарт ч, газар дээр ч хэлбэрэлтгүй биелүүлэх талаар Израилд шахалт үзүүлэхийг” зуучлагч орнуудаас хүссэн байна. Үүнээс үзвэл Израилын арми гэрээг зөрчиж байгаа бололтой. Газын зурвасыг бөмбөгдсөөр байгаа гэх мэдээлэл ч бий юм.
ТАСС мэдээлж буйгаар саяны (өчигдөр) лхагва гарагт ХАМАС бүлэглэл суллах барьцааны хүмүүсийнхээ нэрсийг Израилын талд өгсөн байна. Мягмар гарагт Израилын армийн хэвлэлийн албаны мэдээлснээр Газын зурвасаас суллагдсан хүмүүсийн тав дахь ээлж Израилын нутагт хөл тавьжээ. Түүнд 10 хүн байсны хоёр нь гадаадын иргэн байсан аж.
Бэлтгэсэн: Р.Жаргалант