Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг, БОАЖЯ, Ойн газар зэрэг байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан “EarthRanger” программыг хортон шавж устгах ажлын үр дүнг нэмэгдүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд ашиглахаар хамтран хөгжүүлж байна. Энэ нь тухайн газар нутгийг хамгаалахад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй дамжуулах, хуваалцах, дүн шинжилгээ хийх чадвартай, хиймэл оюун ухаанд суурилсан систем аж. Дээрх байгууллагууд үүнийг боловсронгуй болгож, ойн хөнөөлт шавжийн тархалт, өвчний судалгаа, тэмцлийн ажлыг цаг тухай бүрд дамжуулдаг, үр дүнг нь нэгтгэж, хяналт шинжилгээ хийдэг болгохоор зорьж байгаа гэнэ.
Ойн салбарт шинэ программ нэвтрүүлэх гэж буйтай холбогдуулан дээрх агентлагаас сум дундын ойн ангийн инженер, техникч, шавж устгал болон судалгаа шинжилгээ хийдэг мэргэжлийн байгууллагын төлөөлөл гээд нийт 50 орчим хүнд “EarthRanger” программыг танилцуулжээ. Мэргэжилтнүүдийг танхимын сургалтад хамруулаад зогсохгүй хотын ногоон бүсэд хээрийн дадлага хийлгэсэн байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл