Энэ долоо хоногт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) тус улсын хойд хэсэгт гарсан шинэ өвчний дэгдэлтийн талаарх мэдээллийг өгөхийг БНХАУ-аас хүссэн байна. Нийслэл Бээжингээс 800 км-ийн зайд орших Бээжин, Ляонин мужид насанд хүрээгүй хүүхдүүд үл мэдэх вирусийн гаралтай уушгины хатгалгаагаар өвдөх тохиолдол олноор бүртгэгдэх болсон тухай Шинээр гарч ирж буй өвчнийг хянах хөтөлбөрийн (ProMED) мэдэгдэл ийнхүү ДЭМБ-ыг түгшээжээ.
Дөрвөн жилийн өмнө Ковид-19 тахал ProMED-ийн ижил төстэй мэдэгдлээр эхэлсэн тул дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон вирус судлаачид багагүй сандарсан аж. Гэсэн ч шинжээчдийн үзэж байгаагаар тахлын аюул хараахан гараагүй байна.
Хятадын эрх баригчид өнгөрсөн аравдугаар сард тус улсын зарим бүс нутагт амьсгалын замын янз бүрийн өвчлөл нэмэгдэж байгааг анхааруулсан. 11-р сарын 21-нд үл мэдэгдэх хэлбэрийн уушгины хатгалгааны дэгдэлтийн талаарх ProMED-ын тайлан хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараа ДЭМБ дэгдэлтийн эх үүсвэр нь Ковид-19-ийн тохиолдол шиг шинэ эмгэг төрүүлэгч байх вий гэсэн болгоомжлолыг арилгахын тулд Хятадаас илүү нарийвчилсан мэдээллийг хүссэн байна.
БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн тасаг хэт их ачаалалтай байгаа бөгөөд шинэ дэгдэлтээс үүдэн Бээжинд сургуулиуд хаагдсан тухай мэдээллүүд хэвлэлээр гарч эхэллээ.