АНУ-ын Төрийн департамент тус улсад төрсөн 61 настай иран гаралтай эмчийн иргэншлийг хүчингүй болгожээ. Энэ тухай The Washington Post (WP) мэдээлэв.
Тус хэвлэлд бичсэнээр, Хойд Виржиниа мужид амьдардаг Сияваш Собхани нь АНУ-д төрж өсөөд, 30 гаруй жил эмчийн ажил эрхэлжээ. Гэвч түүнийг гадаад паспортоо сунгуулахаар ирэхэд нь АНУ-ын иргэншлийг андуурч олгосон болохыг илрүүлжээ. Тодруулбал, Сиявашыг төрөхөд аав нь Ираны дипломат ажилтан байсан тул хүүхэд нь АНУ-ын иргэншил авах эрхгүй байжээ.
Собхани өнгөрсөн 2-р сард шинэ паспорт авах хүсэлт гаргахдаа түүнд ямар нэгэн бэрхшээл тулгарна гэж огт бодоогүй байна. Тиймээс АНУ-ын Төрийн Департаментын шийдвэр түүнийг хүнд цочролд оруулжээ.
“Би бүх насаараа л энд амьдарсан. Татвар төлж, ерөнхийлөгчид саналаа өгч, Хойд Виржиниа мужийн хүмүүсийн төлөө зүтгэсэн. Ковидийн үед би гэр бүлээ эрсдэлд оруулан байж, ажлаа гүйцэтгэсэн” гэж тэрбээр хэлжээ.
WP-ийн мэдээлснээр Собхани байнгын оршин суух хүсэлт гаргасан байна. Түүний хэргийг яг хэзээ хэлэлцэх нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд өмгөөллийн зардалд 40 мянган доллар зарцуулаад байгаа аж.
АНУ-ын эрх баригчид сэжигтэй иргэдийн,тодруулбал АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн гэдгээ баталж чадахгүй америкчуудын иргэний үнэмлэхийг хасаж эхэлсэн тухай тус сонин өмнө нь мэдээлж байсан юм.