МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас жил бүр уламжлал болгон үндэсний хэмжээнд зохион байгуулдаг оюутны “Загвар-НҮБ” хуралдаан арваннэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон МУИС-ийн Номын санд боллоо.
“Хуваагдсан Дэлхий: Даян дэлхийн нэгдмэл байдал, энх тайван, тогтвортой ирээдүйн алсын хараа” сэдвийн дор МУИС, ШУТИС, ХААИС, ХУИС, МОУДС зэрэг их, дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болох нийт 100 гаруй хүүхэд, залуус 20 улсыг төлөөлөн багаар оролцож, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.
“Загвар-НҮБ” хуралдаан нь дэлхийн олон улсад зохион байгуулдаг, оюутан, залууст улс төр, олон улсын харилцаа, түүх, нийгэм, эдийн засаг зэрэг чиглэлээр хуримтлуулсан онолын мэдлэгээ практикт ашиглан бодит туршлага олгоход чиглэдэг байна.
Энэ жил 18 дахь удаагаа болсон “Загвар-НҮБ 2023” хурлыг МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зохион байгуулав.