Их Британийн хаан III Чарльз нас барсан иргэдийн хөрөнгөөс олсон орлогыг өөрийн арилжааны зорилгод ашиглаж байгаа тухай “The Guardian” сонины эрэн сурвалжлах нийтлэлд дурджээ.
Уламжлал ёсоор Английн баруун хойд хэсэг буюу Ланкастерын гүнт улсын нас барсан оршин суугчийн хөрөнгө /гэрээслэл болон өв залгамжлагчгүй эсвэл нэхэмжлэх боломжгүй/ Ланкастерын мэдэлд шилждэг аж. Өөрөөр хэлбэл хааны өмч болдог гэсэн үг. Энэ зарчим одоогоор Ланкашир болон Мерсисайд, Чешир, Камбри, Их Манчестерийн зарим хэсэгт оршин суугчдад хамааралтай аж.
Дүрмээр бол тус гүнт улсын төсвийг хааны буяны санд, эсвэл хааны гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийг засварлахад зарцуулдаг юм байна.
Тус хэвлэлд бичсэнээр, сүүлийн 10 жилийн хугацаанд Ланкастер гүнт улс ийнхүү 60 сая фунт стерлинг буюу 75 сая доллар цуглуулжээ.
Гэтэл хаан тэдгээр хөнөгийн ердөө 15% хувийг л буяны үйлсэд зориулжээ. Тэрбээр өв залгамжлагчгүй хөрөнгөөс олсон орлогоор түрээсэлдэг үл хөдлөх хөрөнгөө засварлах ажлыг нууцаар санхүүжүүлсэн гэж нийтлэлд тэмдэглэжээ.
Тус нийтлэл хэвлэгдсэний дараа олон нийтийн зүгээс хаанд үзүүлэх шүүмж, дарамт нэмэгдэж байгаатай холбогдуулан хааны мэдлийн Ланкастерын гүнт улс ёс суртахууны байгууллагуудад 100 сая гаруй фунт стерлинг хандивлахаар шийджээ.
2022 онд Хатан хаан II Элизаветыг нас барсны дараа III Чарльз Ланкастерын гүнт улсыг өвлөн авч, нийт 650 сая фунт стерлинг буюу 815 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийн эзэн болсон юм.