“Зариг” сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг найман ишигний асуудлаар яллагдагчаар татсан хэмээн бид өмнө мэдээлсэн билээ. Түүнийг шүүхэд нөлөөлөхийг завдсан хэмээн үзэж, ШЕЗ-өөс гомдол гаргажээ. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг ард түмэн болон хэвлэл мэдээллийнхнээс дэмжлэг хүсчээ.
Н.Өнөрцэцэг: Энэ нийгэмд иргэд зовж, тарчилж байна. Ядарч туйлдсан иргэд сэтгүүлчдэд л ханддаг. Тэднийг олон нийтэд үнэн зөвөөр мэдээлснийхээ төлөө би өнөөдөр яллагдагч боллоо. Намайг гэрчээр эсвэл сэжигтнээр бус шууд яллагдагчаар мэдүүлэг авна гэж сүрдүүлж байгаа нь айлган сүрдүүлж, чимээгүй болгох гэж байгаа үйлдэл. Хэрвээ сэтгүүлч тэдний хүссэнээр чимээгүй болвол Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, Боловсролын зээлийн сан, нүүрсний хэрэг, донорын асуудал, цэргийн асуудлуудыг ард иргэд мэдэхгүй өнгөрнө. Асуудлыг мэдэхгүй өнгөрөх тусам ард түмэн илүү их хохирно. Бидний амьдрал хэцүү байгаагийн хэрээр төрд ажиллаж байгаа дарга нар баян тансаг амьдарч байна. Иймээс хэвлэлийнхэн бид бүх асуудлыг ил болгон тавъя.