Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны өдөр буюу “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр”-өөс эхлэн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийн хооронд тохиодог билээ. Энэхүү аяныг 1991 оноос хойш дэлхий нийтээрээ жендерт суурилсан хүчирхийлэл ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон хорт зан үйлийг таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, татан оролцуулах зорилготойгоор зохион байгуулж ирсэн.
Энэ жил тус аяны олон улсын уриа нь “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулья” сэдэвтэй зохион байгуулагдах бол Монгол Улсын хувьд “ХҮНДЛЭЛ ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриан дор нэгдэж байна. Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг нээж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ онцлож, “гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал нь тодорхой хэсэг бүлэг хүн, байгууллага, салбарын хамаарах асуудал биш харин хүн бүрт хамаатай асуудал учраас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн идэвхитэй оролцоо чухал байна.
Нийгэмд гарч байгаа хүчирхийллийн хохирогчийн 70 гаруй хувь нь хүүхдүүд байна. Гэтэл эдгээр хүүхдүүд маань гэр бүлийн орчинд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс хүчирхийлэлд өртдөг. Мөн тэдний 90 гаруй хувь нь охид, эмэгтэйчүүд байгаа юм. Иймд Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн дээд эрх ашгийг хангах чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж, хүүхэд хамгааллын бодлогыг гэр бүл төвтэй байх, хүүхэд хамгааллын үйлчилгээг шинэ шатанд гаргахад онцлон анхаарч, бодлогын томоохон шинэчлэл хийж байгаа дурдлаа. Тэрээр жендерт суурилсан хүчирхийлэлтэй нийгмээрээ, бүх нийтээрээ тэмцэж, хандлагаа өөрчилж, хүчирхийллийг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриаллаа.