Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 4 сартайгаас 12 нас хүртэлх 17 хүүхэд өчигдөр 22.00 цагт цагийн тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан байна. Энэ талаар Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвийн удирдлагууд дараах мэдээллийг өглөө.
“Өчигдөр 22.00 цагийн үед цагийн тарианд 17 хүүхэд урвал гарсан. Тус хүүхдүүд манай эмнэлэгт хэвтээд 4-5 хонож байсан. Өөрөөр хэлбэл, цагийн тариа нь хийгдээд 4-5 хоног ямар нэгэн урвал илрээгүй, хэвийн явагдаж байсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 400 гаруй хүүхэд уушгины хатгалгаа оноштойгоор хэвтэж эмчлүүлж байгаа бөгөөд тус тариа нь бүх хүүхдэд хийгдсэн. Бусад хүүхдэд ямар нэгэн урвал, хүндрэл гараагүй. Бид өчигдрөөс хойш шуурхай ажиллаад бүх хүүхдийн тарианд нэг бүрчлэн тандалт хийж үзээд, урвал илрээгүйг тогтоосон.
00.00 цагийн үед дээрх 17 хүүхэд маш өндөр халуурч, чичирхийлсэн байдалтай байсан. Шөнийн 2-3 цагийн үед хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарыг дуудан ирүүлж, хүүхдүүдэд тусламж үзүүлснээс хойш 2 цагийн дараа хүүхдүүдийн бие тогтворжиж ирсэн. Өглөө 06.00 цагийн тарианд тус тариаг давтаж хийхгүйн тулд антибиотик уулгасан.
Тус тариаг бусад хүүхдүүдэд мөн адил хийлгээд ямар нэгэн урвал илрээгүй учир тарианд учир байхгүй гэж дүгнэсэн. Харин тариаг хийсэн сувилагч тарианы стандарт алдсан байж болзошгүй гэж үзсэн.
Учир нь эцэг эхээс тодруулахад зарим нь өрөөнд тариагаа задлаад найруулсан гэсэн бол зарим нь өрөөнд орж ирэхдээ л тариагаа найруулчихсан байсан гэсэн хариулт өгсөн. Ямартай ч сувилагчдаа хариуцлага тооцно.
Гурван өөр төрлийн антибиотик болох ампициллин, амоксиклав, цефтриаксон тариаг хүүхдүүдэд хийсэн. Эдгээр хүүхдүүдэд 4-5 хоногийн өмнө сорил тавьж, уг тариануудыг тарихад ямар нэгэн урвал үзүүлээгүй. Өчигдөр 22.00 цагийн тарианд л асуудал үүслээ.
Буруу тариа бол хийгээгүй гэдгийг нотолно. Хүүхдүүдийн биеийн байдлыг насанд хүртэл нь хянахаар эцэг, эх асран хамгаалагчид нь амласан.
Найруулсан тариан дотор ямар бодис байгааг гаднаас нь хараад мэдэх боломжгүй тул шинжилгээгээр тодорхой болно. Уг тариануудыг 0.9 процентын натри хлоридоор найруулах ёстой. Тариаг хийлгэх хүний дэргэд харуулж задалдаг. Сувилагч эмчийн заавраар тариа хийдэг. 20 гаруй жил ажилласан сувилагч байгаа” гэлээ.