Хүүхэд хамгааллын асуудалд аливаа улс үндэстэн, байгууллага, аж ахуй нэгж, эцэг эх, насанд хүрсэн хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдэд хүүхдийн эрхийн суурь зарчим, хүүхэдтэй ажиллах арга зүй, хүүхэд хамгааллын бодлогын чиглэлээр ойлголт мэдээллийг тогтмол нэмэгдүүлэх нь хүүхдийн эсрэг аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд тодорхой үр дүнтэй юм.
Энэ хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Японы Хүүхдийг ивээх сантай хамтран Улаанбаатар хотын номын сан, Хүүхдийн төв номын сан, дүүргүүдийн соёлын ордон, Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн төлөөлөл нийт 50 номын санчдад “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт сургалтыг танхимаар зохион байгууллаа.
2022 онд хүүхэд хамгааллын бодлогоо боловсруулан баталж, салбарын хэмжээнд мөрдүүлж байгаа бөгөөд соёлын байгууллага бүр ажил, үйлчилгээндээ хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, ажилтан, албан хаагчдаараа дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, үүрэг, хариуцлагаа биелүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна.