УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа. Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд инфляцыг дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд зургаан хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх нь. Инфляцыг онилох мөнгөний бодлогын тогтолцоог бэхжүүлж, үр нөлөөг нэмэгдүүлэх хүрээнд шаардлагатай дэд бүтэц, нөхцөлүүдийг сайжруулна гэдгийг Төвбанкнаас мэдээлэв.
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, ажлын байр олшруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнесийн зээлийг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийн хэт өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авах аж. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчим баримтлах гэнэ.
Мөн банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, тус салбарын тогтвортой өсөлтийг хангана гэв. Банкуудын зохистой засаглалыг сайжруулж, эрсдэлийн удирдлагыг оновчтой болгох хүрээнд банкны үйл ажиллагаанд учирч болзошгүй голлох эрсдэлүүдийг дотооддоо үнэлэх тогтолцоо бүрдүүлэх юм байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах нь. Банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчид олгосон зээлийг ангилах, ангилал дээшлүүлэх, бүтцийг нь өөрчилж, дахин санхүүжүүлэх зохицуулалтыг эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчимд тулгуурлан уян хатан болгох ажлыг судлан шийдвэрлэх аж.
Түүнчлэн санхүүгийн захын дэд бүтцийг бэхжүүлэх хүрээнд хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжиж, төлбөрийн системийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ гэлээ. Их өгөгдлийн хүрээнд ногоон, тогтвортой санхүүжилтийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийн хөгжлийг дэмжин ажиллах юм байна. Тогтвортой хөгжлийн зорилтын таксономид органик хүнсний тариалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхой тусгаж, төрийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй зээл, санхүүжилтийн хөтөлбөрүүдийн багцын тодорхой хэсгийг тухайн таксономитой уялдуулан ногоон, тогтвортой зээл олгодог болох чиглэлээр санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах гэнэ. Мөн олон нийтийн санхүү, эдийн засгийн талаарх боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх аж. Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлж, зээлийн мэдээллийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь. Бас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын дагуу Орон сууцын ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэн авах хүртэл тасралтгүй байдлыг нь хангаж, эргэн төлөлтөөс нь санхүүжүүлэх, эл хөтөлбөрийн хүрээнд олгох эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэгш хүртээмжтэй хуваарилж ажиллахыг Засгийн газар, Монголбанк, СЗХ-нд даалгажээ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал