Аравдугаар сарын статистик мэдээллээр банкны системийн хэмжээнд олгосон ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 7 их наяд 272 тэрбум төгрөг болж нэмэгдлээ. Өнгөрөгч аравдугаар сард шинээр 235 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос 120 гаруй тэрбум төгрөг нь жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн эх үүсвэрт хамаарч байна. Үлдсэн хэсэг нь банкны энгийн орон сууцны зээл байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ. Тухайн сард төлөгдсөн нийт зээлийн хэмжээ 83.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх сартай ойролцоо түвшинд байна.
2023 оны III улиралд ипотекийн зээлийн хөтөлбөр хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байсан учраас тухайн улиралд шинээр олгосон зээлийн хэмжээ эрс буурахад хүрсэн. Гэхдээ есдүгээр сараас ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүү 2020 оноос хойш зургаан хувь болсон. Найман хувийн хүүтэй ипотекийн зээлдэгчийг зургаан хувийн зээл рүү шилжүүлэхэд зөрүү нь 450-500 орчим тэрбум төгрөгийн зардал гарна. Тиймээс найман хувийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийг шилжүүлэх хууль зүйн үндэслэл, нөхцөл бүрдээгүй байгаа юм.