Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооныхон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар хуралдаж, энэ жил болон ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, санаачилгуудаа хэлэлцжээ. Манай улс жилд дунджаар 120 орчим арга хэмжээг жуулчдад зориулан зохион байгуулдаг бөгөөд үүнийхээ 60 гаруй хувийг 6-9 дүгээр сард төлөвлөдөг нь аялал жуулчлалыг улирлын хамааралтай болгоход чухал нөлөө үзүүлдэг гэнэ. Цаашид энэ жишгийг халж, хүйтний улирлын арга хэмжээг идэвхжүүлэх шаардлагатай талаар тус хорооны гишүүд санал солилцжээ. Тухайлбал, 2024 онд зохион байгуулахаар төлөвлөж буй 185 үйл ажиллагааны товыг гаргахдаа хоорондын зай, давтамж, улирлын онцлог зэргийг харгалзахаар болжээ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулаад буй. Үүнд олон улсын болон дотоодын нислэгийн давтамжийг хадгалах, өвөл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудад цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх, хоёр тэрбум төгрөгөөр “Мазаалай” мөсөн наадам зохион байгуулах, аж ахуйн нэгжүүдэд ногоон зээл олгох, бага оврын ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэг байгуулах зэрэг ажлыг тусгажээ.