Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтлоо. Тус төсөл нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний эрхийг хамгаалах зорилготойг Хууль зүй, дотоод хэргийн сайд онцолсон юм. Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулахаар эл төсөлд тусгасан байна. Бие даасан шүүхтэй болох хүртэл энэ төрлийн гэмт хэргийг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэхгүй гэнэ. Мөн нийслэлд гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулах аж.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төслийн талаар танилцуулахдаа “Орон нутагт эрүүгийн болон иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Эдгээрийг нэгтгэхээр тусгасан. Энэ шүүх нь дотроо Эрүүгийн болон Иргэний хэргийн танхимтай байна. Ингэснээр анхан шатанд ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга тус бүр хоёр ажиллаж байгааг нэг, нэг болгож, орон тоо багасна. Мөн Орхон, Дархан-Уул аймаг дахь эрүүгийн болон иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг нэгтгэнэ. Харин давж заалдах шатны шүүхийг бүсчилсэн хэлбэрээр зургаан аймагт байгуулахтай холбоотой зохицуулалтыг хөндөхгүй” гэв.
Бэлтгэсэн: У.Наран