Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр шүүхийн танхим, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ирэх гурван жилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр шүүхийн байруудыг шинэчилнэ. Өнөөдөр шүүхийн байрууд хүнд хэцүү нөхцөл байгаа. Үүнийг дагаад иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөж байна. Тиймээс дагнасан шүүхүүд байгуулна. Нэн тэргүүнд Гэр бүл, хүүхдийн олон улсад нийцсэн жишиг шүүх байгуулна. Шүүхийн байр барих газрын асуудлыг шийдсэн. Гэр бүл, хүүхдийн шүүхээр үйлчлүүлж буй хүүхэд айдасгүй байх орчин бүрдүүлнэ. НҮБ-аас дагнасан шүүх байгуулах зөвлөмжийг дэлхийн улс орнуудад зөвлөж буй. Шүүхийн ерөнхий зөвлөлтэй энэ талаар зөвшилцсөн. Мөн Авлига, албан тушаалын шүүх байгуулна" хэмээлээ.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн цалин сүүлийн 10 жил нэмэгдээгүй. Тэдний цалин 2.4 сая төгрөг байдаг. Мөн шүүхийн бие даасан байдлыг хангахад шүүгчийн туслах, нарийн бичгүүдийн үүрэг оролцоо их. Тэд 1.2 сая төгрөгийн цалин авдаг. Тиймээс шүүгч, шүүхийн ажилтнуудын цалинг нэмэх ёстой. Учир нь БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн орон тоо зарлаад хүн ажилд орохгүй байна. Хамгийн сайн нь шүүгч болдог атал хамгийн муу нь шүүгч болоод байна хэмээн байр сууриа илэрхийллээ.
2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй шүүх тогтолцоонд дараах өөрчлөлтүүд орох нь. Үүнд орон нутагт эрүүгийн болон иргэний хэргийн дагнасан анхан шатны шүүхүүдийг нэгтгэнэ. Эдгээр шүүх нь нэг байранд үйл ажиллагаа явуулж, эрүү, иргэний хэргийн танхимтай, анхан шатны шүүхүүдэд байгаа хоёр ерөнхий шүүгчийн орон тоо нэг, тамгын газар нэг даргатай болгож цомхотгоно. Мөн Орхон, Дархан-Уул аймгийн иргэн, эрүүгийн хэргийн бие даасан шүүхийг нэгтгэнэ. Давж заалдах шатны шүүхийг зургаан аймгийн төвд байгуулах асуудлыг хөндөхгүй байх шийдвэр гаргажээ.