Манай орны газар нутагт хэдэн мянган жилийн өмнөх түүх, соёлын ул мөр хадгалагдан үлдэж, өвлөн уламжлагдсаар ирсэн. Түүгээрээ ч бид бахархан бардамнах ёстой, хойч үедээ ч өвлүүлэх үүрэгтэй. Энэ нь монгол үндэстний нэгэн дархлаа билээ. Гэвч эртнээс улбаалан ирсэн түүх, соёлын өвөө сохор зоосоор арилжин, үндэстнийхээ дархлааг үгүйсгэх гэсэн хүмүүс байсаар. Эрдэмтэн, түүхчид нь ч, эртний эдлэлийн наймаачид нь ч соёлын өв, археологи, палеонтологийн дурсгал, түүхийн судар номоо харийнханд хэдэн халтар төгрөгөөр худалдахын тулд хууль зөрчсөөр байгаа юм. Харамсалтай нь, соёлын өвөө сохор зоосоор арилжаалагсдад хатуу хариуцлага тооцож чадахгүй хэвээр байна.
Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагддаг Өндөр гэгээн Г.Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүйгээр БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн үндэслэлээр тухайн үеийн соёлын салбар хариуцсан төрийн өндөр албан тушаалтныг сүр дуулиантай шалгаж, ажлын байранд нь нэгжлэг хийж байсан ч ямар хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүйгээр хэргийг хаасан юм даг. Мөн нэртэй археологич нь нийтийн тооллын өмнөх (НТӨ) VII-III зуунд хамаарах чулуун сүх, хаш эдлэл, эртний Ромын үе буюу нийтийн тооллын (НТ) IV зуунд хамаарах ногоон болон хөх шилэн гүц зэрэг археологийн олдворыг худалдахаар завдсан хэрэгт шалгуулж байв.
Прокурорын байгууллагаас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн наймдугаар сард шүүхэд шилжүүлсэн ч өнөөг хүртэл эцэслэн шийдээгүй л байна. Тодруулбал, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарт холбогдох хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсгийн соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч хэрхсэн нь тодорхойгүй болсон юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шийдвэр гаргасан ч тогтоолоо албажуулалгүй хугацаа алдаж, хариуцлагагүй хандсан гэнэ. Энэ мэтээр соёлын өвийн эсрэг гэмт хэргийг шийдэхгүй буцаасаар байгаа нь хачирхалтай.
“ЧИНГИС ХААН” МУЗЕЙД ХУУРАМЧ БАРИМТААР ЭРТНИЙ ЭДЛЭЛ ӨГӨХ САНАА ХЭРХЭН БҮРДЭВ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт түүх, соёлын өвийн эсрэг үйлдсэн зарим гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ гэсэн мэдээлэл олон нийтэд цацсан. Тэдний дунд өнгөрсөн тавдугаар сард шүүхээр эцэслэн шийдвэрлэчихсэн хэрэг багтсан байв. Үүнийг ямар зорилгоор оруулсныг хэн ч анзаарч нягталсангүй. Тодруулбал, манай улсын таван иргэн хамтарч Сэлэнгэ, Архангайн нутагт хууль бусаар археологийн хайгуул, малтлага санхүүжүүлэн хийлгэж, эртний эдлэл олборлосон, Англид байдаг, эртний эдлэлийн цахим дуудлага худалдаа зохион байгуулдаг “Тimeline auctions”-оос авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, “Чингис хаан” музейд эд зүйл борлуулахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлсэн мэтээр мэдээлэв. Б.Энхболд, Ц.Батболд, Б.Алтаншатар, Н.Лхагвадорж нар хамтран Сэлэнгэ, Архангайн нутгаас XIX-XX зууны үед хамаарах бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгал бүхий 100 гаруй эд зүйл гарган авч, Чингэлтэй дүүргийн нутаг дахь эртний эдлэлийн “Авдар” гэх дэлгүүрт хадгалж борлуулахыг завдсан юм. Ингэж хууль бусаар малтлага хийхийн тулд гол зохион байгуулагч гэх Б.Энхболд нь хамтрагч нартаа зардлын мөнгө шилжүүлснийг ч хууль сахиулагчид мөрдөн байцаалтаар тогтоосон байдаг.
Мөн хуурамч баримт бүрдүүлж, “Чингис хаан” музейд археологийн 84 эд зүйл, тухайлбал, НТӨ II мянган жилээс НТ-ын XV зууны үеийн язгууртны эдэлж хэрэглэж байсан, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд хамаарах алтаар бүтээсэн толгойн чимэглэл, хос ээмэг, бөгж, бүсний тоноглол, хувцасны чимэглэл, зүүлт, товч зэргийг худалдан борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан хэмээн буруутгагдсан юм. Шүүхээс Б.Энхболдыг хууль бусаар археологийн хайгуул, малтлагыг санхүүжүүлсэн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан гэм буруутайд тооцож, үйлдэл тус бүрт нь 1-6 сая төгрөгөөр буюу нийт 10 саяар торгох ял шийтгэсэн. Харин бусад хүнийг нь хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг нь 2.7 сая төгрөгөөр торгосон юм. Улмаар хууль бусаар малтаж олборлосон болон хуурамч баримтаар “Чингис хаан” музейд өгөхөөр бэлтгэж байсан түүх, соёлын өвүүдийг бүгдийг нь улсын орлого болгож, Соёлын яаманд шилжүүлжээ.
Тэгвэл эл хэрэгт холбогдсон нэг шүүгдэгч өмнө нь “Чингис хаан” музейд адууны шүдээр хийсэн язгууртны эмээл нийлүүлсэн аж. Энэ нь ингэж өмнө нь музейд эд зүйл өгөөд дараа нь гадаадын дуудлага худалдаанаас авсан мэтээр баримт бүрдүүлэх сэдэл үүссэн болов уу гэх хардлага төрүүлж буй юм.
ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭД ХУУЛЬ БУС НАЙМААГ ЦЭЦЭГЛҮҮЛДЭГ ҮҮ
Чингэлтэй дүүргийн нутагт эртний эдлэлийн дэлгүүр олон бий. Тэдгээрдэлгүүрийнэздээсцөөнгүйнь соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт холбогдож, зарим нь ял шийтгүүлээд байна. Тухайлбал, дээр дурдсан “Авдар” дэлгүүрийг ажиллуулдаг эрхэмд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Одоо шүүх, прокурор, мөрдөх байгууллагад шалгуулж буй хүмүүс ч байгаа юм. Эртний эдлэл сонирхогчид, цуглуулагчид дундаа нэлээд алдартай А.Алтангэрэлийг С.Дуламсүрэн гэх хүний хамтаар яллагдагчаар татан шалгаж байна. Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дахь “Арт хаус” төвд дээрх хүмүүсийг түүх соёлын үнэт өвийн хууль бус худалдаа зохион байгуулсан хэрэгт холбогдуулан шалгаж буй юм билээ. “Хос важра” компанийн эзэн, дээрх төвийг байгуулсан А.Алтангэрэл нь С.Дуламсүрэнтэй хамтарч археологийн олдвор болох таван нүдэн хээтэй дээл, хүрлийн үеийн олдворууд, төмөр хуяг, дуулга, тугны орой, жадны үзүүр, хантааз, хүрэл чулуун аяга зэрэг олон эд зүйлийг худалдахаар хадгалж байсан хэмээн буруутгаж буй аж. Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх хүмүүс соёлын өвийн хууль бус наймаа зохион байгуулсан, эсэх нь тодорхой болох биз ээ.
Тэднээс гадна Б.Уртнасан, Г.Ганбат, Б.Батмагнай, Н.Чимэгсүрэн нарыг хууль бусаар археологи, палеонтологийн малтлага хийж, олсон эд зүйлээ Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дахь эртний эдлэлийн дэлгүүрээр дамжуулан худалдан борлуулсан хэрэгт яллагдагчаар татан шүүхэд шилжүүлээд буй. Эл хэрэгт холбогдсон гурван хүн 2022 оны зун орон нутагт хууль бус малтлага хийж, Өндөр гэгээн Г.Занабазарын урласан байж болзошгүй 70 гаруй бурхан олж авчээ. Түүнийгээ намар нь “Урт цагаан” орчмын эртний эдлэлийн наймаачинд борлуулсан гэнэ. Тэдэнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 25.4-1-ийн хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн, 25.5-1- ийн соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан хэмээн яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн сарын сүүлчээр хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан байна.
МОНГОЛЖИЙБУУ БУРХНЫГ 70 САЯАР БОРЛУУЛСАН НАЙМААЧНЫГ 8.1 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОВ
ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгадаг. Тус хэлтсийнхэн өнгөрсөн хугацаанд түүх, соёлын дурсгалт, үнэт, хосгүй үнэт ангилалд багтах, хүрлийн, Хүннү, Уйгур, Түрэгийн үе, НТӨ II мянганаас НТ-ын XV зууны үед хамаарах 230 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийг Соёлын яаманд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж буй. Зарим нь дээр дурдсан хэргүүдэд эд мөрийн баримтаар хураасан эд зүйл юм билээ.
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар малтлага хийж, хүрлийн үед хамаарах түүх, соёлын дурсгалт зүйл олж аван бусдад худалдсан Б, Ховд аймгийн нутгаас Хүннү гүрний үед хамаарах хүрэл тогоо, гоёл, чимэглэлийн зориулалттай 31 ширхэг эд зүйл худалдан борлуулахаар олж авсан Д, Б нарын хэргийн эд мөрийн баримтуудыг шилжүүлэн өгөх гэж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс олон нийтэд мэдээлээд буй.
Мөн тус төвийн мэдээлэл дунд Төв аймгийн нутаг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар малтлага хийж, IX зуунд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйл алтан шармал Монголжийбуу бурхныг олж аван бусдад 70 сая төгрөгөөр худалдан борлуулсан гэх хэргийн талаар ч дурдсан. Эл хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн есдүгээр сарын 26-нд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Иргэн О.Үнэнзаяа гэртээ уг бурхныг хадгалж байгаад 2022 оны зургаадугаар сарын 1-нд Ч.Амарбаатар гэдэг хүнд 70 сая төгрөгөөр худалдсан аж. Шүүхээс О.Үнэнзаяаг хууль бусаар археологийн малтлага хийсэн, соёлын биет өвийн худалдааг хууль бусаар зохион байгуулсан гэм буруутайд тооцож, нийт 8.1 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин хууль бусаар олж авч борлуулсан Монголжийбуу бурхныг хэрхэхийг шүүх шийдвэрлээгүй байх юм.
Эрүүгийн хуульд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлага хүлээлгэхээр тусгасан байдаг. Гэхдээ эртний эдлэлийн наймаачдад энэ бүлэгт заасан ял шийтгэл төдийлөн хатуу биш бололтой. Тус хуулийн 25 дугаар бүлэг буюу “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг” гэх зүйл хэсэгт түүх, соёлын дурсгалт зүйл, үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах, соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх, соёлын биет өвийн хууль бус худалдаа зохион байгуулах, зуучлах, түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх, эрдэнэсийн сангийн үндсэн санг хууль бусаар зарцуулах зэрэг үйлдлийг гэмт хэрэг хэмээн хуульчилсан бөгөөд 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Шүүх соёлын биет өвийг хууль бусаар олж авсан хүмүүст эрүүгийн хариуцлага ногдуулахдаа түүх, соёлын дурсгалт зүйлсийг Соёлын яаманд шилжүүлэх практик тогтоож буй нь сайн хэрэг. Харин нэгэнт наймаачдын гараар дамжин иргэд, цуглуулагчдад очсон, гадаадад гарсан эд зүйлсийг хэрхэн буцааж улсад авах нь тодорхойгүй байгааг эргэж харах хэрэгтэй.