УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Монголын ноос, ноолуурын холбооны төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагатай уулзжээ. Татварын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад нэгдсэн бодлогоор хэрхэн дэмжих талаар энэ үеэр хэлэлцэж, татварын төрөл, хэмжээ оновчтой, эсэхээр санал солилцсон байна.
Аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хувьд цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад татварын уян хатан бодлого, оновчтой зохицуулалт шаардлагатай, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бэлэн бүтээгдэхүүний экспортын гаалийн татварын талаар хөнджээ. Ноос, ноолуур, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид малчид, хоршоодоос түүхий эдээ нийлүүлдэг учраас татварын нэгдсэн систем, эрх зүйн шинэчлэл, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн ач холбогдол, хэрэглээг тэдэнд таниулах шаардлагатай байна гэв.