Монголын хөрөнгийн биржийн (МХБ) арилжааны дүн энэ он гарснаас хойш зургаан их наяд төгрөг давжээ. Эргэн сануулахад, өнгөрсөн наймдугаар сарын 10-нд эл дүн хоёр, дараа сарынх нь 19-нд гурван их наядад хүрсэн юм. Тэгвэл аравдугаар сарын 4-нд дөрөв, 19-нд нь таван их наяд төгрөг давсан билээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн нэг сарын хугацаанд арилжааных нь дүн нэг их наяд төгрөгөөр өсөөд буй нь энэ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоо нэвтэрч, арилжаа хийж эхэлсэн нь үүнд голлон нөлөөлсөн юм. Тухайлбал, энэ сарын 1-ний байдлаар МХБ-д 4.6 их наяд төгрөгийн ийм бүтээгдэхүүн борлуулсан тухай мэдээлж байв.
Дээрх биржид өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд анх удаа нүүрсний туршилтын дуудлага арилжаа зохион байгуулсан билээ. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 15-наас төмрийн баяжмал худалдаж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн сарын 30-наас хайлуур жоншны баяжмал борлуулна гэж байв. Гэхдээ уг бүтээгдэхүүнийг худалдаж эхлээгүйг арилжааных нь мэдээнээс харж болохоор байгаа юм. Ташрамд дурдахад, МХБ-д бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд долоо, тавдугаар сарын 30-нд 10 их наяд төгрөг давж дээшилсэн статистик бий. Өчигдрийн байдлаар эл дүн 10.17 их наяд төгрөгт хүрэв.
Бэлтгэсэн: Б.Сонор