Финландын эрх баригчид 11-р сарын 22-нд буюу лхагва гарагийн шөнө ОХУ-тай хиллэдэг боомтуудаа бүрэн хаахаар төлөвлөж байгаа тухай “Iltalehti” сонин эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Тус хэвлэлд бичсэнээр, Ерөнхий сайд Петтери Орпогийн засгийн газар ОХУ-тай хиллэдэг шалган нэвтрүүлэх цэгүүдийг лхагва гарагаас эхлэн хаах шийдвэр гаргаж магадгүй байна.
Өмнө нь буюу арваннэгдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Финланд улс зүүн хил дэх Ваалимаа, Нуйжамаа, Иматре, Нийрале гэсэн дөрвөн хилийн боомтыг хаажээ. Ерөнхий сайдын хэлснээр сүүлийн үед “гуравдагч орны иргэд” Финландын зүүн хил рүү шилжин ирэх нь нэмэгдэж буйд ийнхүү арга хэмжээ авчээ.
Тус улсын Дотоод хэргийн сайд Мари Рантанен тайлбарласнаар энэ шийдвэр 2024 оны хоёрдугаар сарын 18 хүртэл хүчинтэй байна.
Одоогоор ердөө Вартиус, Салла, Куусамо, Рая-Жоосеппи гэсэн гурван боомт хэвийн ажиллаж байгаа аж.