Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль өнгөрсөн баасан гарагт болж өнгөрөв. Ирэх онд нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд намаа удирдаж орох хариуцлагатай албыг Т.Батцогт хэмээх залуу үүрэхээр болж байна. Уг сонгуульд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр эдүгээ ажиллаж буй Т.Батцогт, М.Тулгат, Д.Бадарсан нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, 56.1 хувийн саналаар даргаа тодруулсан аж. Гэвч хөшигний ард фракцуудын талцал, тохирол, гомдол, санал байсан нь мэдээж. Ардчилсан намын удирдах гурван гол албан тушаалын нэг бол нийслэлийн АН-ын дарга. Тиймээс тус намын голлох фракцыг тэргүүлдэг ах нар уран мэхээ уралдуулж, экс Ерөнхийлөгч Х.Баттулга ялсан нь энэ. Өөрөөр хэлбэл, Т.Батцогт Х.Баттулгын фракцын хүн байх нь. Харин намын дарга Л.Гантөмөрийн “Нэг ардчилал”-аас өрсөлдсөн Д.Бадарсан, “Од” клубийн төлөөлөл М.Тулгат нар ялагдал хүлээлээ. М.Тулгат энэ удаагийн сонгуульд “Шонхор”-ын С.Эрдэнэтэй нэг тал болж орсон бололтой. Нийслэлийн АН-ын даргын сонгуулийн ард юу болж өнгөрөв.
ЗАЛУУСЫГ ТАТАХ БОДЛОГО
АН-ынхан аливаа сонгуульд нэр дэвшигчдийнхээ дунд шууд мэтгэлцээн зохион байгуулдаг зөв жишиг нэвтрүүлсэн. Эндээс болон нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан илтгэлээс үзэл бодол, хэн нь илүү даацтай улс төрч вэ гэдгийг олон нийт харж, өөр өөрийнхөөрөө дүгнэлт хийсэн байх.
Нэрээ дэвшүүлсэн гурван залуу бүгд инженер мэргэжилтэй аж. Мөн Д.Бадарсан, Т.Батцогт нар оюутан ахуйгаасаа АН-тай холбогдсон бол М.Тулгат Японд боловсрол эзэмшиж, бизнес эрхэлж явсаар 2010 оноос улс төрд хөл тавьсан байна. Тэд бүгд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс эхлээд шат шатаар дамжиж явсаар нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Д.Бадарсан нь 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар, Т.Батцогт 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. М.Тулгат, Д.Бадарсан нар 1970-аад оны сүүл үеийнх бол Т.Батцогт 1985 оных. Бага залуугаасаа улс төр сонирхож, намынхаа шат шатны байгууллагад ажиллаж үзсэн, дүүргийн ИТХ-аас эхлээд сонгуульт алба хашсан туршлагатай, АН-ын залуу үеийн төлөөлөл өрсөлдсөнөөрөө уг сонгууль онцлог байв. Сонгуулийн үр дүнд нэг нь баярлаж, зарим нь гомдож буй хэдий ч улс төрд доороос дээш зөв жишгээр өгсөж яваа залуус өрсөлдөж, Т.Батцогт ялсан байх нь.
Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гишүүнчлэлээ нэмэх, ирэх сонгуулиудад ялахын тулд залуусыг илүү татах, тэдэнд зориулсан бодлого хэрэгжүүлэх санаа давхардаж байна лээ. Т.Батцогт 2020 оны сонгуулийн дүнгээс эш татаж, “МАН нийт сонгогчийн 44 хувийн л саналыг авсан хэдий ч үнэмлэхүй олонх болсон. Үлдсэн 56 хувийн саналыг АН болон бусад намд өгсөн. Тиймээс бидэнд боломж байгаа” гээд ирэх сонгуульд ялахын тулд “Анхан шатны намынхантайгаа байнга холбоотой ажиллаж, долоо хоног бүр уулзана. Зөвхөн нэг дарга нь хариуцлагыг дангаар үүрэхгүй, хамтдаа зүтгэнэ. Шинээр 40 мянган гишүүн элсүүлнэ, ухуулагч болон нэр дэвшигчид, багийнхнаа сонгуулийн маргаашаас бэлдэнэ” гэсэн юм.
Тэгвэл Д.Бадарсан эв эеийг хичээгч, үүрэг хариуцлагатай, тогтвортой бодлоготой, засаглалын соёл төлөвшсөн, ялагч нам байх гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн. Гурван нэр дэвшигчийн дундаас хамгийн сул нь түүнийг байна хэмээн олон нийт сэтгэгдлээ хуваалцжээ. Харин М.Тулгат 2009 оноос “Бэкфорс”, “Хишиг арвин индустриал”, “Эрдэнэбатхаан солюшн” ХХК-д захирлаар ажиллаж, бизнес хийж буй туршлагатай юм байна. “300 хүнтэй компанийг 3000 хүнтэй, борлуулалтын орлогыг нь 20 тэрбумаас 350 тэрбум төгрөг болгох менежментийг амжилттай хийсэн” гэж тэр өөрийгөө тодотгоод, Баянзүрх дүүргийн болон нийслэлийн ИТХ-ын нийт таван сонгуульд өрсөлдөж, бүгдэд нь ялсан хэмээсэн юм. Ирээдүйд хотын захирагч хийж чадах менежер гэдгээ ийнхүү тайлбарласан хэрэг. Мөн АН нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялбал түгжрэлийг дөрвөн сарын дотор 50 хувиар бууруулж, 1.6 сая хүнтэй хотын тулгамдсан асуудлуудыг зөв менежментээр шийдэж чадна гэжээ. Бодлогоо зангидсан, нээлттэй, орчин үеийн, технологи ашигладаг, судалгаатай, хүчтэй дуу хоолойтой нам байх хөтөлбөрийг тэр танилцуулж, фракцаар талцалгүй хамтдаа ажиллахыг уриалсан юм.
М.ТУЛГАТ ХУДАЛДАГДСАН УУ, “ХУЛХИДУУЛСАН” УУ
Ийнхүү эв нэгдэлтэйгээр мөрийн хөтөлбөрөө танилцуулж байсан залуус санал хураах үеэр “муудалцаж” эхэлжээ. Санал хураалт хоёр үе шаттай болсон байна. Эхний санал хураалтаас АН-ын энгийн гишүүдийн хамгийн их найдвар тавьж байсан М.Тулгат мултрах нөхцөл үүссэн нь Х.Баттулгатай тохирсон, мөнгө авч худалдагдлаа гэсэн хардлага төрүүлсэн бололтой. Нийгмийн сүлжээгээр ийм мэдээлэл нэлээд түгсэн юм. АН-ын гишүүн Ц.Уянга энэ талаар жиргэж, дараа нь үүндээ уучлалт гуйсан байна.
Нийслэлийн АН-ын даргыг тодруулахын өмнө нөхөн сонгууль явуулж, шинээр 60 гишүүн сонгосон аж. Тэднийг МоАХ болон “Нэг ардчилал”-ын хүмүүс хэмээн М.Тулгат тодорхойлжээ. Тэрбээр “Намайг Х.Баттулгатай тохирсон гэсэн гүтгэлэг гараад байна. Нөхөн сонгуулиар 60 хүн шинээр оруулж ирж шахсан. МоАХ-ны хүмүүстэй намайг өрсөлдүүлээд, дундаас нь Д.Бадарсанг гаргахаар Л.Гантөмөр дарга тооцсон байх. Нэг ч төгрөгийн тохироо байхгүй гэдгийг хэлье. Ямар нэг албан тушаалд би очихгүй. Дотоод сонгуулийн хороо шударга ажиллаж болох байсан. Хүмүүс эцсийн мөчид “мурьсан”. Үзэл санаа нэг учраас дэмжинэ гээд гар барьж, тэврээд салсан С.Эрдэнэ бүх хүнээрээ миний эсрэг санал өгүүлсэн. Ийм сонгууль боллоо. Дотоод сонгуулийн энэ заваан системийн эсрэг тэмцэнэ” гэсэн тайлбар хийжээ.
Т.Батцогтын ажлын туршлага:
• 2007-2008 онд Нийслэлийн чөлөөт ардчилсан оюутны холбооны тэргүүн
• 2008-2010 онд Ардчилсан залуучуудын холбоонд улс төрийн ажилтан
• 2010-2012 онд “И Эм Си Эйч инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал
• 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
Сонгуульт ажил:
• 2016 оноос Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн
• 2011-2018 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд дарга
• 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
• 2017-2019 онд Нийслэлийн АН-ын дэд дарга
• 2018-2023 онд Баянзүрх дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч
• 2016 оноос Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
• 2020 оноос Баянзүрх дүүргийн
ИТХ-ын төлөөлөгч
Түүнийг С.Эрдэнэ “өргөж” улс төрд оруулсан хэмээн ярьдаг. Тиймээс нийслэлийн АН-ын даргын сонгуульд дэмжиж яваад “бултсан” хэмээн тэрбээр “ахдаа” гомдсон байх нь. Мөн саналаа хайрцаглаж, багцалдаг яриаг ч дээрх мэдэгдлээрээ баталжээ. Энэ талаар тэрбээр “Өдөржин хуралдсан гишүүд залхаад, миний багц дахь хүмүүс эхнээсээ “Явлаа шүү, Д.Бадарсан, Т.Батцогт хоёрын хэн нь ч ялсан ялгаа алга” гэсэн. Д.Бадарсан бас илтгэл, мэтгэлцээндээ үнэлгээ алдсан. Т.Батцогт эхнийхдээ өндөр санал авч, нэмээд аравхан хүн татахад л ялах нөхцөл байдал үүссэн. Хоёр дахь санал хураалтын цаг тулчихсан, миний багц задарч байгаа үед ажиллахад хэцүү байсан” гэжээ. Нэг намын дотоод сонгууль учраас нэр дэвшигчид хүссэн ч, хүсээгүй ч өөрт нь санал өгөх хүмүүсээ “цуглуулах” хэрэгтэй болдог биз ээ. Гэвч эцэст нь С.Эрдэнэ ах нь ч, багцад нь байсан бусад хүн ч түүнээс “урваж” ийнхүү ялагдсан гэнэ. Унасан бөхөд шалтаг байх нь мэдээж.
Тэгвэл Т.Батцогт “Өрсөлдөөн ширүүн ч шударга, ёс зүйтэй дотоод сонгууль боллоо. Нам дотор эрүүл өрсөлдөөн байна гэдэг бол өөрөө ардчилал юм” гэсэн байна. Хоёр өөр тайлбар.
АН-ЫН ИРЭЭДҮЙГ ЖЕНКО “ЗУРНА”
Тэгэхээр бүгд саналаа багцалж, өөрсдийг нь дэмжих хүмүүсээ бэлдэж, тооцоолсон байж. Гагцхүү хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь санал хураалтын өмнө тэр “хайрцаг”-ийг задлах тухай яриа л энэ намд байдаг, тэгж шийдвэр гаргадаг гэсэн үг. Одоогоор “хайрцаг” задлах, багцалсан хүмүүсийг нь худалдаж авах, арга мэхэндээ оруулах чадал МоАХ фракцын тэргүүнд л байна. Хоёр жил гаруй талцсаныхаа дараа АН-ынхан арай гэж нэгдэн, “Нэг ардчилал”-ын Л.Гантөмөрийг даргаараа сонгосон. Тэр үед фракцын дарга нар эхний тохироогоо хийсэн биз. Улмаар Л.Гантөмөр олон фракцынхаа эхийг эцээж, тугалыг тураахгүйн тулд 15 дэд даргын албан тушаал бий болгосон. Тэдний бараг 50 хувь нь МоАХ-ноос угшилтай. Ийм олон “бялуу” хүртээсэн учир генсекээ Л.Гантөмөр өөрөө “авна” хэмээн тохироод салсан ч өнөөдрийг болтол Үндэсний бодлогын хороо нь үргэлжлэн хуралдаагүй, ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадаагүй яваа юм.
Энэ нь фракцууд тохирсноосоо буцаж, генсекийн суудлыг булаацалдаж буйтай холбоотой гэсэн мэдээллүүд ч гарч байна. Харин одоо нийслэлийн АН хэмээх намдаа том албан тушаалд өнөөх л Х.Баттулга ялж чадав. АН-ынхан Женкогийнхоо атганд бүрэн орчихсон, гарч чадахгүй, завдахгүй яваа нь энэ. Нэг үе АН-ын жолоог “Алтангадас” атгаж явсан бол “их талцал”-ын өмнөх жилүүдэд “Шонхор” чиглүүлсээр “төөрүүлчихсэн” билээ. Улмаар “Нэг ардчилал”-ын хүн намын дарга болсон ч МоАХ-ныхон тус намд эрх мэдлээ тэлсээр байна. Ирэх сонгуулиар энэ нам бүх шатны сонгуульд 2020 оныхоосоо давуулсан амжилт гаргаж, төрийн эрх барих хэмжээнд очиж, чадах, эсэхийг Женко шийдэх нь.
Уг нь олон фракцтай ч тэд нэг л намд харьяалагддаг. Бүх шатны сонгуульд аль нэг фракц биш, намаараа нэгдэж орно. Тиймээс их улс төрд харьцангуй шинэ эдгээр залуус ах нарынхаа хуучин, өөдгүй арга барилд уусаж, фракцаар талцалгүйгээр нэгдэж ажиллах учиртай юм.