Банк санхүүгийн салбарын зарим үзүүлэлтийг өнгөрсөн сарын эцсийн байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Эл хугацаанд гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх сарынхаасаа 1.2 (0.1 хувь) тэрбум төгрөгөөр буурч, 2022 оны мөн үеийнхээс 75.6 (7.5) тэрбум төгрөгөөр өссөн гэсэн үг. Төгрөгийн хадгаламж 15.4 их наядад хүрсэн нь өмнөх сарынхаасаа 488 тэрбум, 2022 оны мөн үеийнхээс даруй 2.9 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Уг хадгаламжийн дийлэнх буюу 13.3 (86.8 хувь) их наяд нь иргэдийнх, хоёр (13.2) их наяд нь аж ахуйн нэгж, байгууллагынх юм байна. Тэгвэл валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болсон нь өмнөх сарынхаасаа 171.3 тэрбумаар буурч, 2022 оны мөн үеийнхээс 253.4 тэрбумаар дээшилсэн дүн болов. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 26.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаасаа 253.3 тэрбум, өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 3.5 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний 86.4 хувийг хэвийн, 5.3-ыг нь анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл эзэлжээ. Тэгвэл чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Ингэснээр өмнөх сарынхаасаа 14.6, өнгөрсөн оны мөн үеийнхээс 472.6 тэрбумаар буурсан аж. Ийм зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэллээ.