Колумб түргэн хоол, шоколад, чипс, хийжүүлсэн ундаанд онцгой албан татвар ногдуулж, эрүүл бус хоололттой тэмцсэн дэлхийн анхны улс болохоор зэхэж байна. Энэ сараас хэрэгжиж эхлэх шинэ хуулиар тус улсад хэт боловсруулсан бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулахаар болжээ. Эхний ээлжинд 10%, дараа нь 15%, 2025 онд 20% хувиар нэмэгдэх юм байна.
Хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд, ялангуяа үйлдвэрийн аргаар үйлдвэрлэсэн бэлэн хоол (хуурай өглөөний хоол, наггетс, нэмэлт хольцтой тараг), түүнчлэн давс, өөх тос ихтэй бүтээгдэхүүн, тухайлбал, шоколад, чипс, жигнэмэг, хийжжүлсэн чихэрлэг ундаа, төрөл бүрийн түргэн хоолны бүтээгүдэхүүнүүд орох аж. Гэхдээ эрх баригчид хүнсний үйлдвэрийн төлөөлөлтэй тохиролцож, зарим хүнсний хиам, зайдас зэрэг бүтээгдэхүүнийг дээрх жагсаалтаас хасжээ.
Иргэдийн дунд түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүнд татвар ногдуулахаар болсон нь юуны түрүүнд эдгээр хүнс иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгаатай холбоотой юм. Колумбчуудын өдрийн дундаж хоолны дэглэмд 12 грамм давс ордог нь Латин Америкт хамгийн өндөр, дэлхийн өндөр үзүүлэлтийн нэгэнд орж байгаа аж. Уг хэрэглээ нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин үүсгэх, цус харвалт, зүрхний дутагдлын тоог нэмэгдүүлэхэд хүргэдэг.
"Дэлхийн улс орнууд эрүүл мэндийн салбарт очпог ачааллыг хөнгөвчлөхийн тулд зарим бүтээгдэхүүнд, тухайлбал, тамхины, чихэрлэг ундаа зэрэгт татвар ногдуулдаг боловч цөөхөн нь хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд нэвтрүүлсэн" гэж Лондонгийн Империал коллежийн олон улсын эрүүл мэндийн бодлогын профессор Франко Сассигийн хэлснийг “The Guardian” сонин иш татжээ.
Шинжээчийн үзэж байгаагаар Колумбид батлагдсан уг хууль бусад оронд үлгэр жишээ болох юм. Колумбын хөрш Эквадор, Перу улсууд элсэн чихэр, өөх тос ихтэй хүнсний бүтээгдэхүүний хор хөнөөлийн талаарх мэдээллийг бүтээгдэхүүний сав баглаа боодлын нүүрэн талд байрлуулах шаардлагыг үйлдвэрлэгчдэд тавьжээ.