Мөнгөний нийлүүлэлт есдүгээр сарын эцсийн байдлаар 33 их наяд төгрөг давж, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өссөн байна. Жилийн хугацааны өөрчлөлт нь төгрөг, валютын харилцах болон төгрөгийн хадгаламж нэмэгдсэнтэй холбоотой. Мөн валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар байгаа нь зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт өсөхөд нөлөөлсөн байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний нийлүүлэлт 33 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 5.7 их наядаар нэмэгдсэн байна. Хүмүүсийн дунд мөнгө хэвлэсэн гэх хардалт байна. Мөнгөний нийлүүлэлтийн эх үүсвэр нь гадаад болон дотоод зах зээлээс хамааралтай байдаг. Монголбанкнаас мөнгө хэвлээгүй. Харин валютын нөөц өссөн нь мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлсөн” гэлээ.
Тодруулбал, мөнгөний нийлүүлэлт нь гадаад цэвэр активын өсөлт гол нөлөөллийг бий болгосон бол дотоод цэвэр активын нийт дүнд эзлэх хувь өмнөх сараас буурсан байна. Валютын албан нөөц 3.9 тэрбум ам.доллар байгаа нь импортын хэрэглээний 5-6 сарын нөөцийг бүрдүүлж байгаа юм. Цаашид импортын 12 сарын хэрэглээг худалдан авах валютын нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.