Өмнөговь аймгийн нэрийн хуудас болсон “Түмэн тэмээний баяр” аялал жуулчлалын арга хэмжээг ирэх оны хоёрдугаар сарын 1-3-нд зохион байгуулахаар болжээ. Говийн бүсийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой уг арга хэмжээг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 6-7-нд зохион байгуулдаг байсан бол цаг уурын өөрчлөлтөөс улбаатай хүчин зүйлсээс шалтгаалан ирэх оноос эхлэн хоёрдугаар сард явуулахаар шийдвэрлэв.
Манай улсын өвлийн аялал жуулчлалын гол арга хэмжээнүүд болох мөсний, бүргэдийн, тэмээний баярыг жил бүрийн гуравдугаар сарын эхээр нийслэл, орон нутагт цөөн өдрийн зайтай зохион байгуулдаг тул ийнхүү “холдуулах” нь зүйтэй гэж аялал жуулчлалын салбарынхан дэмжсэн байна. Харин зохион байгуулагчид тур оператор компаниуд тогтсон хуваарийн дагуу аялал төлөвлөх эрсдэлээс болгоомжлон эл шийдвэртэй холбоотой мэдээллийг эрт хүргэж байгаа аж. 25 дахь удаагийн “Түмэн тэмээний баяр”-ыг ирэх жилээс өргөтгөж, гурван өдөр зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Ингэний сүүний баяр”-ыг хамтатган хийхээр төлөвлөжээ.