ХХААХҮЯ-ны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, улсын хэмжээнд 1131 газрыг үүнд хамруулсан аж. Тэдгээрийн 509 нь Улаанбаатар, 42 нь Баян-Өлгий, 14 нь Увс, 62 нь Ховд, 60 нь Завхан, 47 нь Говь-Алтай, 55 нь Хөвсгөлийнх гэнэ. Мөн Архангайн 59, Баянхонгорын 36, Булганы 38, Өвөрхангайн 18, Өмнөговийн 13, Дундговийн 31, Дорноговийн 18, Сэлэнгэ, Сүхбаатарын тус бүр ес, Дархан-Уулын 21, Хэнтийн 60, Дорнодын 20 газрыг хяналт шалгалтад хамруулсан юм байна. Шалгалтын явцад 2151 зөрчил дутагдал илрүүлж, 1532 буюу 71.2 хувийг нь газар нь дээр нь арилгуулсныг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Хяналт шалгалтад хамруулсан худалдааны газруудын 484 буюу 43 хувь нь дуусах хугацаа нь хэтэрсэн, буруу шошго тавьсан, түүнд заасан горимын дагуу хадгалж, борлуулах нөхцөл шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн зарж байжээ. Нэг газраас хадгалалтын хугацаа нь дууссан хоёр нэрийн, дөрвөн төрлийн савлагаатай 83 945 ширхэг, 404 769 480 төгрөгийн үнэ бүхий шар айраг хурааж, холбогдох газарт нь устгуулахаар шилжүүлсэн гэнэ. Мөн дээрх газруудын 404 буюу 35.7 хувьд нь дотоод хяналт шалгалтын журам боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, 168 буюу 14.8 хувьд нь гарал үүсэл нь тодорхой бус, чанар, аюулгүй байдлын баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчил илэрсэн юм байна. Энэхүү шалгалтын явцад давхардсан тоогоор 1400 нэр, төрлийн 98 557 ширхэг, 572 литр, 237.5 кг, 460 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 56 актаар хурааж, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах талаар шийдвэр гаргах, хэрэгжилтэд нь хяналт тавих” чиг үүрэг бүхий зөвлөлд албан бичгээр шилжүүлж шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээ авчээ.
Бэлтгэсэн: Б.Сонор